| |
Ц.ЭРДЭМ
Өвөлжингөө утаагаар амьсгалсан хотын иргэд газар гэсэхээр хөрсөнд нуугдаж өвөлжсөн элдэв янзын нян бактераар өвчилж, эвгүй үнэр хамар цоргих цагтай учирна. Жилийн жилд хөрсний бохирдол дээд цэгтэй хүрч буй тухай энэ салбарынхан ярьдаг ч дорвитой өөрчлөгдсөн зүйл алга. "Хөрсний бохирдол бол нийслэлийн иргэдийн амьд явах эрхийн тухай төдийгүй эх дэлхийн шим ертөнцийн оршин тогтнох эсэх тухай амьдралын ойлголт юм” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөрсний бохирдолын талаарх хэлэлцүүлэгийн үеэр өнгөрсөн долоо хоногт онцолсон. Төрийн тэргүүний анхаарлын төвд орсон энэ асуудалд цэг тавих цаг болжээ. Газар зүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсийг бохирдуулсан нян, хүнд хортой элемент, хог хаягдал зэргийг тодорхойлж эх үүсвэрийг судалж санал дүгнэлт гаргажээ.
ШУА-ийн Геологи-газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн төвшинг аюултай байдалд байгааг олон баримт судалгаагаар нотолжээ. 2014 оны байдлаар Арьс ширний үйлдвэр орчим хар тугалга, хром, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын төвийн төвлөрөл ихтэй томоохон худалдаа үйлчилгээ явуулдаг газар аммонийн бохирдолт ихтэй. Тухайлбал, "Нарантуул” захын арын хаалганы орчим аммоны агууламж 21.07 мг/кг гарсан бөгөөд бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их бохирдолтой. Органик гаралтай энэхүү бохирдол нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой гэж судалгаандаа дүгнэжээ.
МХГ-аас хийсэн мэдээллээр нийт 77 цэгээс хөрсний дээж авч нян болон хүнд металлын, цацрагийн бохирдлыг шинжлэхэд хөрсний бохирдол аюултай төвшинд хүрсэн гэдгийг хөрсний бохирдол хэлэлцүүлгээр онцоллоо. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт газар нутгийн 12 хувь нь нянгаар бохирлогдоогүй буюу 88 хувь нь бохирлогдсон ажээ. Бохирдуулж буй хүчин зүйл нь нүхэн жорлон болон ил задгай бие засах газар шингэн болон хатуу хог хаягдал, мөн хөрсний хүчтэй эвдрэл, үйлдвэрийн хог хаягдал, лагаас болж байгааг судалгаа харуулж байна. 184 мянган өрхтэй нийслэл хотын 90 хувь нь нүхэн жорлонтой.
Мөн оношлогоонд хамрагдсан 331,564 авто машин утааны шүүлтүүргүйгээс хүнд металлаар хөрс бохирдож буй ажээ. Үүнээс улбаалж хүн амын эрүүл мэндэд хортой нөлөөллийн хэмжээ ихсэж 10 хүн тутмын нэг нь нян болон хүнд металлын хороос болж хорвоог орхиж байна. Тэдний дийлэнхийг хүүхэд эзэлж байна гэж НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал хэлсэн. Өөрөөр хэлбэл гэр хороололд амьдарч буй айл бүрийн нүхэн жорлон өөрийнх нь гэрээс 10, хажуу айлынхаас 12 метрийн зайтай байрладаг. Мөн арван өрх тутмын долоо нь ялаатай, үнэртэй байдаг бол дөрөв нь булж шинээр ухсан байдаг. Үнэртэй, ялаатай жорлон хөрсийг эргэн тойрондоо 20 орчим метр зайнд бохирдуулдаг аж. Гэр хорооллын 184 мянган өрх гээд тооцохоор нүхэн жорлон хөрсийг ямар ихээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой ч тооцоход хүндрэлтэй. Тиймээс стандартын шаардлага хангасан нүхэн жорлонг хэрэглэхийг айл өрх бүрээс шаардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Нүхэн жорлонгийн стандарт батлагдаж энэ оны эхнээс мөрдөж эхэлжээ.
Гэвч энэхүү стандартыг мөрдөх санхүүгийн боломжтой өрх хэд билээ гэдэг ч асуудал дагуулж байна. Хэдийгээр иргэдийн эрүүл аж төрөх суурь хэрэгцээг хангах, ундны усны шугамыг нэгтгэх, усанд орох газар болон нийтийн боловсон жорлон олноор байгуулах зэргээр ярьж буй ч нэгэнт бохирдсон хөрсийг хэрхэн сэргээх талаар ямар нэгэн шийдсэн зүйл одоогоор алга. Химийн технологийн хүрээлэнгээс хөрсний бохирдол бууруулах, эко системийг сэргээх химийн бус, микробиологийн дэвшилтэт "EM” технологийг туршиж үр дүн 85 хувьтай байгааг ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх хэлж байна.
Хөрсний эко системийг сэргээх энэхүү технологоор Хөвсгөл аймгийн "Тойлогт”, "Алаг цар” зэрэг аялал жуулчлалын баазад цэвэрлэх байгууламж барьж био бэлдмэлээр ашигласны дараа 45 хоногийн хугацаанд таагүй үнэр арилж, лаг болон бохир усны микро элементийн хэмжээ буурч лагийн шимэгдэлт сайн явагдсан байна. Цэвэршүүлсэн саарал усыг лабораторид шинжлүүлэхэд бохирдолт 80 хувь буурчээ. Зэрлэг ургамал ургадаг хашааны ар болон, ил задгай бие засах газар, нүхэн жорлонгийн хэсэгт ногоон байгууламж барьж туршихад өнгө нь ганддаггүй цэцэг навч ургаж, хөрсний үржил шим сайжирсан аж. Түүнчлэн тус хүрээлэнгээс нефть, нефтийн бүтээгдэхүүүнээр бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах судалгаа туршилт хийжээ. Ургамлаар хүнд металлын бохирдлыг багасгах аргыг эрдэмтэд илүү сонирхож байгаа нь ажиглагдаж байв.
Хөрсний бохирдолтой зэрлэг буюу хогийн ургамал ургаж буй газруудад ургамалжуулах ургамлыг "Нано” технологиор тогтоосон гэдгийг "Wash Action Mongolia” ТББ-аас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, бохирдолтой хөрсийг тусгай ургамлаар сэргээдэг гэсэн үг. Улс орнуудын хөрсний бүтэц өөр өөр байдаг тул манай орны хөрсөнд тохирох ургамлыг ийнхүү гаргаж авчээ. Ер нь хөрсний бохирдлыг бууруулах тухайлбал, ургамалжуулах, хатаах угаах, зөөвөрлөх, циолитоор тогтворжуулах зэрэг энгийн аргууд хэрэглэх нь үр дүнтэйг эрдэмтэд онцолж байна. Хэрэв энгийн аргаар сэргээнэ гэвэл их талбайг хамарч тэр хэрээр хөрөнгө шаардлагатай. Гэхдээ хөрсний эвдэрлийг сэргээхгүйгээр хөрсний бохирдлыг бууруулах боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд бас ярьж байна.
Улаанбатаар хотын 76 хувь нь сууршлын бүсийн хүчтэй эвдрэлд орсон. Цаашид дүүрэг хэсэг хороогоор нь сонгож ургамалжуулах үүнд төрөөс хөрөнгө гаргах шаардлагатай гэнэ. Манай улс хөрсний бохирдлын 77 стандарт, байгаль орчин, эрүүл мэндийн сорилын долоон лаборатори, цэвэрлэх байгууламжийн 20 гаруй стандарттай. Гэвч амьдралд мөрдөж хэрэгжүүлэх тухайд учир дутагдалтай байдаг тухай СХЗҮТ-өөс мэдээлсэн. Мөн 1990 онд баталсан хөрсний химийн шинжилгээний стандарт хоцрогдсон ажээ. Цаашид олон улсад мөрдөж буй Евро стандартыг хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтэн онцолсон.
Мөн аюултай хог хаягдлыг устгах эрхзүйн орчинг бий болгох, гэр хорооллын ундны усыг нэг шугамтай болгох зэрэг асуудлыг хөндөж байв. Түүнчлэн хөрсний бохирдол ихтэй "Нарантуул”, "Хүчит Шонхор”, "100 айл”, "Да хүрээ” зэрэг зах орчмыг тохижуулах, нийтийн бие засах газрыг гэр хороололд олноор нь байгуулах, торгууль шийтгэлийн арга хэмжээг эрчимжүүлэх, тодорхой нэг хороо, хэсэгт хөрсний эвдрэл, бохирдлыг бууруулах хөрсийг нөхөн сэргээх чиглэлээр туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг санаачилга гаргаж ажиллахыг салбарынхан хэлж байна. Бохирдуулж буй элементийн бохирдлын эх үүсвэрийг хөрсний дээжийн задаргаагаар тогтоож бохирдлын түвшинг үнэлдэг. Хэдийгээр бохирдуулж буй хүчин зүйлийг манай эрдэмтэд, судлаачид дээрх байдлаар илрүүлж буй ч цаашид энэ асуудлыг хэрхэн төгс шийдэх аргаа олоогүй л байна.
ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?