| |
Үндсэн хуулийн цэцэд нийт есөн гишүүн байдгаас гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбат тэтгэвэртээ суусан тул түүний оронд хуульч Ө.Мөнхсайханыг томилсон. Харин Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг томилсноор Үндсэн хуульд харьсан улстөрч, халагдсан дарга очдог байсан явдал өөрчлөгдсөн. Гэвч өнөөдрийн хүртэл Үндсэн хуулийн цэцийн дарга томилогдоогүй байгаа нь тэнд засаглалын хямрал үүссэн үү гэх асуулт тавигдахад хүргэж буй юм. Энэ талаар өмгөөлөгч, хуульч Б.Баяраагаас тодрууллаа.
-Үндсэн хуулийн Цэц даргаа сонгож чадалгүй гурван сар өнгөрлөө. Сар шинийн төрийн албан ёсны арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн дарга оролцоогүй. Энэ талаар хуульчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц есөн гишүүний бүрэн бүрэлдэхүүнтэй болоод гурван сарын хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл даргаа ч сонгож чадахгүй байгаа нь засаглалын хямралд өртсөнийг илэрхийлж байна.
-Цэц даргаа сонгож чадахгүй засаглалын хямралд орсон шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэцийн гишүүн Ш.Солонго гүйцэтгэж байгаа. Энэ хүний эхний үүрэг бол Цэцийн даргыг сонгох хурлыг зарлан хуралдуулах боловч өнөөдрийг хүртэл хурлаа огт зарлаагүй байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга бол Цэцийн хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах чиг үүргийг гүйцэтгэдэг хариуцлагатай албан тушаал юм.
Харамсалтай нь, түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго нь Цэцийн даргаа сонгох чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр өөрөө орлон гүйцэтгэгчээр байгаад байх сонирхолтой бололтой юм.
Зүй нь Цэц даргаа сонгох хурлаа зарлаад хүсвэл өөрөө нэр дэвшээд даргаар сонгогдох бүрэн боломжтой. Гэтэл хуульд заасан нөхцлийг хэрэгжүүлэхгүй байгааг огт ойлгохгүй байна. Үүнээс болж Үндсэн хуулийн Цэц даргаа сонгож чадахгүй, улмаар ажлаа хийж чадахгүй гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа нь нууц биш.
-Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа доголдолд орох нь нийгэмд маш их сөрөг үр дагавар үүсгэнэ биз дээ?
-Үндсэн хууль бол алганд багтсан эх орон. Нэг үгээр бол 1990 онд хийсэн ардчиллын бодит биелэл нь Үндсэн хуулиар илэрхийлэгддэг. Хэрэв Үндсэн хууль хяналтгүй бол тунхаглал төдий цаас болно. Харин Үндсэн хууль амьд гэдгийг баталж түүнийг чандлан сахиулах баталгаа нь Үндсэн хуулийн Цэц боловч өнөөдөр Үндсэн хуулийн цэцийг харахад өөрсдийнхөө учрыг олохгүй будилж байгаа бололтой юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?