| |
-Тэд таван голын эхийг ширгээж буй “Монгол Ураниум Ресурс”-т лиценз олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй нэхэмжилжээ-
“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод ашиглалтын лицензтэй болгох гэж шүүхийнхэн чамгүй зүтгэжээ. Бараг л нэг нэхэмжлэлийг нь он дараалуулж Захиргааны хэргийн шүүхийн гурван шатаар хэлэлцэж байж “бүтээсэн” байгаа юм. Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нар “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг 2018, 2019 онд дараалан хоёр удаа хэлэлцээд эцэслэн шийдсэн байна.
Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн “Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотор уранаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан. Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байна. Иймд ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн агуулга бүхий удаа дараагийн тайлбарыг өгдөг. Гэвч Дээд шүүх эвтэйхэн гэгч нь няцаасаар байгаад “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуул хийж байсан талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгожээ. Ингэхдээ 2018 онд “Хуультай болохгүй, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдэлтэй заргалд” гэх маягаар эцэслээд, 2019 онд энэ дагуу орж ирсэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрхэм шүүгчид маань хуульд захирагдах бус хууль тогтоох байдлаар дүгнэлт хийж шийдсэн байж болзошгүй байна. Энэ асуудал удахгүй нэлээд өөр хийгээд өндөр түвшинд яригдахаар болжээ.
Тэгвэл энэ сацуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд Улаанбаатарт ирж Захиргааны шүүхээр яваад эхэлсэн байна. Тэд Ханын, Хонгорын, Даамайн, Цагаан эрэг, Харгилтайн хэмээх таван голоо ширгэх ауюлаас аврахаар ийм шийдэлд хүрээд явж байгаа аж.
"Уул уурхайгүй Эрдэнэцагаан" НҮТБ-ын захирал Ч.Адъяасүрэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. “АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны “Хугацаа тооцох тухай” 186 дугаар шийдвэр, 2019 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 392 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргажээ.
Түүндээ “Эрдэнэцагаан сумын салхин дээр “Монгол Ураниум Ресурс" ХХК нь 2010-2013 онд “Хэрмийн цагаан өндөр” нэртэй 208136 га талбайд уран хайж, малчин иргэдийн малын бэлчээрийн талбайг талхалж, байгалийн унаган төрх алдагдан, байгаль орчин сүйдэж, гол мөрөн ширгэж болзошгүй эрсдэл бий болсон юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт олгогдсон дээрх лицензийн талбайд 2013 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байсаар уг ураны хайгуулын лиценз 2016 оны арванхоёрдугаар сард дуусгавар болсон.
Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны арвандугаар сарын 12-ны өдрийн “Хугацаа тооцох тухай” 186 дугаар хууль бус шийдвэр гарган ураны хайгуулын ХV-018247 дугаартай лиценз болгон эрхийг сэргээж бүртгэснээр Сухбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн эрх ашиг хохирох үндэслэл бий болсон. Улмаар байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, манай сумын таван голын /Ханын, Хонгорын, Даамайн, Цагаан эрэг, Харгилтайн гол / усны эх ширгэж, малчин иргэдийн малын бэлчээр үгүй болж гол, булаг шанд ширгэх аюул тулгараад байгааг нутгийн иргэд ихээр эсэргүүцэж тэмцсээр ирсэн.
“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан Ц-003 дугаартай лицензийн эрхийг сэргээсэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн “Хугацаа тооцох тухай” 186 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заалт; Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн22.1 дэх заалтыг болон Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1,15, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болжээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг дарга асан Ө.Батсайхан нь энэ хууль бус уурхайг ажиллах зөвшөөрлийг баг болон сумын ИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хуурамчаар АМГТГ-ын Кадастрын хэлтэст дээрх “Хэрмийн цагаан өндөр” нэртэй талбай дээр 2018 оны зургадугаар сарын 18-нд №1/128 дугаар бүхий тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Мөн Эрдэнэцагаан сумын Байгаль орчны улсын байцаагч асан М.Амарсүрэн нь АМГТГ-ын Кадастрын хэлтэст Багийн ИНХ-аар “Монгол Ураниум Ресурс”ХХК-ийн “Хэрмийн цагаан өндөр” нэртэй талбайн Байгалъ орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцүүлэхгүйгээр 2018 оны зургадугаар сарын 11-нд хуурамч дүгнэлт гаргаж өгсөн” гэжээ.
Мөн 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэмэлт материал хүргүүлсэн байгаа юм.
Түүндээ “Эрдэнэцагаан сумын IV багийн Иргэдийн нийтийн хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд улиралд нэг удаа хийдэг журмын дагуу хийгдсэн. Энэ хурал дээр сумын Засаг дарга Ч.Батгэрэл, сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун нар “Уул уурхайн талаар хэлэлцэх асуудалд ороогүй. Зөвхөн багийн дотоод асуудал яригдах тул уул уурхайн компаниуд хуралд оролцох боломжгүй” гэж хэлээд тухайн хуралд “Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээн толгой” ХХК-ийн Байгалъ орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцүүлээгүй. Тийм байтал “Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээн толгой” ХХК нь 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн №15 тоот Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын тогтоол болон тэмдэглэлийг хуурамчаар гаргуулсан байдаг.
АМГТГ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 7/7501 шийдвэрийн мэдэгдэлд “Монгол Ураниум ресурс" ХХК-д лицензээр олгогдсон хайгуулын талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг анхааруулж байсан. Гэтэл Эрдэнэцагаан сумын ард иргэд, Засаг дарга мэдээгүй байхад Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Ш.Хангарьд газрын доорх усны гол тойруулаад найман худаг өрөмдөх 2022 оны гуравдугаар сарын 24-ний А/03 тоот зөвшөөрлийг олгосон. Дээрх албан тушаалтнууд болох Ө.Батсайхан, Э.Жаргалсайхан, Ш.Хангарьд, М.Амарсүрэн, Ө.Болортуяа нарын хууль бус үйлдлийг УЕПГ, АТГ-т шилжүүлж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 223000261 дугаартай хавтаст хэрэг нээн шалгаж байгаа болно.
Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 6-ны өдөр уул уурхайн олборлолтын төслийн БОМТ-ний биелэлтийг 74.4 хувьтай гэж дүгнэсэн. 2022 оны есдүгээр сарын 8-нд БОАЖЯ-ны ажлын хэсгийн дарга П.Цогтсайхан, нарийн бичгийн дарга Ц.Жаргалнэмэх нар дахин БОМТ-ний биелэлтийг 91 хувиар баталсан. Мөн Ц.Жаргалнэмэх нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй гэж дүгнэлт гаргасан.
“Монгол Ураниум ресурс" /“Эрээн толгой” ХХК/-ийн хууль зөрчсөн үйлдлүүд, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай таван голын эхийг шалгуулахаар хүсэлт гарган шалгалт оруулсан боловч БОАЖЯ-ны 2022 есдүгээр сарын 26-ны өдрийн 06/5508 тоот хариу хүргүүлэх тухай албан тоот болон ажлын хэсгийн дүгнэлтээр “Хамгаалалтын бүс тогтоох шаардлагагүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй” гэж гарсан. Үүнийг орон нутгийн иргэд эсэргүүцэж, дахин гомдол гаргасан. Иймд БОАЖ-ын сайдын тушаал, Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн №28/02 тоот удирдамжаар дахин төлөвлөгөөт бус шалгалт оруулсан. Хариу нь одоогоор гараагүй байна. Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын хоёр улсын байцаагч ажлын хэсэгт орсон боловч ажлын хэсгийн дүгнэлт гаргах ажилд оролцуулаагүй. Дүгнэлт нь одоо болтол гараагүй байна.
Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан Ө.Батсайхан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг сумын VI багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй байхад “Монгол Ураниум ресурс" ХХК-д 2018 зургадугаар сарын 18-нд 1/127 тоот нарийвчилсан үнэлгээний зөвшөөрөл олгосон. Тиймээс Эрдэнэцагаан сумын VI багийн ИНХ 2023 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж “Монгол Ураниум ресурс" ХХК /Эрээн толгой ХХК/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг багийн хурлаар хэлэлцүүлээгүйг 100 хувь баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьд хийгдсэн хуурамч албан тоот тодорхойлолтуудыг хүчингүй болгон цуцалсан” гээд нийт 110 хуудас баримт материалыг хавсаргажээ. Энэ хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг шүүх юм байна.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)
Өдрийн сонин-2023.09.20 ЛХАГВА №176 (7296)
Өнөөдөр сонин - 2023.09.20 ЛХАГВА №184 (7743)
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?