| |
Уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдээ гадагшаа зарж олдог хэдэн ам.доллароо буцаагаад импортын худалдан авалтаар урсгачихдаг Монголын эдийн засаг төрөлжих, орлогын эх үүсвэрүүдээ нэмэх шаардлагатай талаар өнгөрсөн олон жилүүдэд тогтмол ярьсан.
Тэгвэл үүний нэг шийдэл нь аялал жуулчлалын салбарын хөгжил гэдгийг өдгөө хаа хаанаа хүлээн зөвшөөрөөд байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд төрийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого цэгцтэй, мэдрэмжтэй байх нь энэ салбар дахь хувийн хэвшлийнхний хувьд тун чухал. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавьж олон улсад “Welcome to Mongolia” хэмээх түлхүүр үгийг зарлаж, сурталчилгааны ажлуудыг хийж буй нь тодорхой үр дүнгүүдийг дагуулаад эхэллээ.
Тухайлбал, өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд БНСУ-аас 40-50 мянган жуулчин Монголд ирсний дотор нэр алдартай жүжигчид, шоубизнесийн салбарын одод цөөнгүй байгаа нь жуулчдын урсгалыг идэвхжүүлэхэд эерэг нөлөө дагуулж эхэлсэн талаар ид яригдаж байна.
БНСУ-ын жуулчид тэр дундаа од, олны танил хүмүүсийн Монголыг зорих урсгал ийнхүү нэмэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад айлчлахдаа “Монголд зочлох жил”-ийн гадаадад сурталчлах ажлын хүрээнд Welcome To Mongolia зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх тус улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасантай холбоотой.
“Welcome to Mongolia” арга хэмжээнд KT group, К bank, Samsung C&T, Hyandai E&C зэрэг БНСУ-ын салбар бүрийн 200 орчим бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл, манай улсын 100 гаруй бизнес эрхлэгч оролцсон. “Дөрвөн улирал” эвент соёлын арга хэмжээнд БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болох “Hana Tour”, “Modu Tour”, “SM Entertainment”, “KT Corporation” тэргүүтэй 200 гаруй бизнесийн нэр хүндтэй компанийн төлөөллүүдэд сонирхуулсан. Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Соёлын яам хамтран зохион байгуулсан юм.
Түүнчлэн БОАЖЯ, БНСУ-ын “SM Entertainment” группын хооронд “Соёлын арга хэмжээнд тулгуурласан аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд жилийн турш уран бүтээлчид олноор оролцсон концерт, наадам зохион байгуулагдахаас гадна жуулчдыг татах амралт зугаалга, гольфийн талбай, спортын талбайтай азийн энтертайнмент газрыг бий болгохоор төлөвлөсөн. Мөн Монголын соёлын салбар, баяр наадмын зохион байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаас гадна виртуал болон физик метаверс зэрэгцэн оршиж, харилцан үйлчилдэг газрыг бий болгох, хөрш орнууд болон дэлхийн бусад улс орны алдартнууд оролцдог “Global Sustainable Culture Movement & Festival”-ийг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Тэгэхээр Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд тохиролцсон ажлууд ийнхүү урагшилж буйтай зэрэгцэн аялал жуулчлалын салбарт сэргэлт гарч байна гэхэд болох юм.
Дашрамд тодотгоход, Монголын аялал жуулчлалын салбар 2019 онд ДНБ-ий 7.2%, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6%-ийг бүрдүүлсэн нь 2020 онд цар тахлын улмаас уналтанд орохоос өмнөх хамгийн сайн гүйцэтгэл байсныг Дэлхийн банкны өнгөрсөн оны судалгаанд дурдсан байсан. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын салбарт хөгжих нөөц бололцоо их, байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй, гол нь нөөц бололцоогоо оновчтой ашиглах хэрэгтэйг зөвлөдөг. Тэгэхээр манай тухайд аялал жуулчлалын салбарын өсөлтийг тогтворжуулахын тулд өөрсдийн зүгээс шалтгаалах, хийх ёстой зүйлсэд анхаарах ёстой юм.
https://news.zindaa.mn/4nue
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?