| |
“Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанктай хамтран 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Энэхүү бага хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж танилцуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан нар үг хэлэв.
Бага хурлаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хоёр тал хоёр орны худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсний дагуу 2021 онд худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг хоёр орны урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, холбогдох салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг онцлов.
Арга хэмжээнд холбогдох яам, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцов.
Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрсэн. 2021 онд Монгол улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?