| |
Ж.Амарсанааг хууль зөрчиж алдаатай шийдвэр гаргасан эсэхийг энд шүүх нь илүүц бөгөөд хамгийн ноцтой нь түүнийг огцруулахаар хуралдсан хурлын процесс өөрөө хууль зөрчиж алдаатай болов. Тодруулбал, түүнийг огцруулах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэгийн тухай хуулийг зөрчиж асуудлын дараалалд ороогүй байхад хуралдааны дэг зөрчин гэнэт оруулж ирэн хэлэлцүүллээ. Хуулиараа бол гурав хоногийн өмнө гишүүдэд хэлэлцэх асуудлыг танилцуулах ёстой. Гэтэл шууд л "хүчиндэх” үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрөв.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар "Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг гэнэт оруулж ирлээ. Завсарлага авъя гэхэд өгөхгүй гээд, горимын санал гаргъя гэхэд үгүй гээд л хүч түрээд зүтгүүллээ. Арай дэндэж байна. Яах ёстой юм бэ. Буйдантай суулт хийх ёстой юм уу. Хууль дээдлэх ёс зүйгээр барьж ажилламаар байна. Ямар зорилгоор уг асуудлыг нэмж оруулж ирж байгаа юм бэ” гэж хэлсэн юм.
Угаас Ж.Амарсанааг огцруулахаар хуралдсан өчигдрийн хурал нь хууль зөрчиж явагдсан бөгөөд УИХ уг үйлдлээрээ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага гэдэг нэрээ баасдлаа хэмээн зарим гишүүд ярьж байна.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэний дагуу хэлэлцсэн нь энэ юм. Тодруулбал, УИХ нь Цэцтэй холбоотой гурван хуулийг баталсны дараа нэр бүхий иргэд дээрх гурван хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн эсэхээр дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан. Цэц уг асуудалд маргаан үүсгэсэн бөгөөд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үндсэн хуулийн цэцээс дээрх хуулиудад маргаан үүсгэсэн тул эдгээр хуулийг хэрэглэхгүй байх, хэрэглэж шийдвэр гаргахгүй байхыг сануулж, Ерөнхийлөгч, УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн. Гэвч үүнийг УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчсөн асуудал хэмээн үзэж Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн юм. Тодруулбал, уг хуулийг хэрэгжиж эхлээгүй байхад Цэц авч хэлэлцэх гэж байгаа нь буруу гэж УИХ-аас үзсэн аж. Дээд шүүхээс Ж.Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлж, УИХ томилсон. Тиймээс Ж.Амарсанааг эргүүлэн татах, хууль зөрчсөн эсэх асуудлаар санал авахаар Дээд шүүхэд хандсаны дагуу ийнхүү хэлэлцсэн байна. Дээд шүүхээс ирүүлсэн албан бичигт "Энэ талаар санал дүгнэлтгүй” гэсэн байжээ.
Харин Хууль зүйн байнгын хороо өчигдөр гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Одоо уг асуудлыг удахгүй чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэлэлцээд ямар шийдвэр гаргах нь ч тодорхой байна.
Хамгийн гол нь энэ үйл явдал нь УИХ, Үндсэн хуулийн цэцийн хооронд том "зодоон"-ыг үүсгэж орхилоо. Уг зодоон цаашид улам хурцдаж мэдэхээр байна. УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар сард болох дунд суудлын хуралдаанаас урьдаж өөрсдийнхөө довтолгоог хийж орхисон нь өчигдрийн үйлдэл байлаа.
Ер нь Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын маргаан эртнээс эхлэлтэй гэж хэлж болно. Сүүлийн үед УИХ-ын батласан ихэнх хуулиудыг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож байгаа нь эцэстээ "Зи” даргын тэвчээрийг барж орхижээ.
Ирэх сонгуулиар АН-ын сурталчилгааны гол сүбьект болох орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосноос эхлээд УИХ, Үндсэн хуулийн цэцийн зөрчил улам хурцдсан. Энэ мэт асуудлаас болж одоо хэн нь хэн бэ гэдгээ үзэлцэх гэж байна. Гэхдээ уг тэмцэлд УИХ-ын дарга ялах нь тодорхой болоод байна.
Т.Энхэлээ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?