| |
Коронавирустэй холбоотойгоор эрэлт нь буурснаар нүүрсний ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад 9.4 хувиар буурахаар байгаа талаар "FocusEconomics” мэдээлжээ. Түүнчлэн ирэх жил ч гэсэн тус түүхий эдийн ханш 8.9 хувиар буурна гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Дэлхий даяар коронавирус тархаснаас үүдэлтэйгээр аж үйлдвэрийн салбарын түүхий эдийн эрэлт сул байгаа.
Ерөнхийдөө энэ жилдээ түүхийн эдийн ханшид төдийлөн сэргэлт ажиглагдахааргүй байгааг шинжээчид онцолж байгаа юм. Мөн нүүрсний олборлолт он гарсаар 25 гаруй хувиар буурчээ. Манай улс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг энэ оныхтой адил хэмжээнд буюу 42сая тонн, зэсийн баяжмалыг энэ оныхоос 175 мянган тонн, алтны экспортыг хоёр тонноор тус тус бууруулж тооцоод буй. Түүнчлэн төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон. 2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна.
Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ. Нүүрсний хувьд анх удаа зэсийн баяжмалаас илүү их орлогыг энэ салбараас төвлөрүүлэхээр тусгасан юм. 42 сая тонн нүүрс экспортолбол манай улс түүхэндээ хамгийн дээд хэмжээгээр нүүрс худалдаад зогсохгүй, даруй 1.3 их наяд 11 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэхээр байна. Нүүрсний тэнцвэржүүлсэн ханшийг тонн тутамдаа 75.9 ам.доллар байна гэж ирэх оны төсөвт тусгаад буй нь харьцангуйөндөр үнийн дүн болж байгаа. Манай улсын хувьд Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээг маш сайн ажиглах ёстой.
Тус улсын коксжих нүүрсний импорт 2017 онд 69 сая тонн байсан ч энэ жил буурч, ирэх онд ч байдал хэвээр үргэлжлэх хандлагатай байгаа юм. Австралийн Үндэсний банк 2020, 2021 онд нүүрсний эрэлт буурахаар байгааг онцлоод, ирэх оны төсөвтөө коксжих нүүрсний ханшийг тонн тутамд нь 70-72 ам.доллар байхаар тусгажээ. Мөн тус улсын Засгийн газар 2021 оны Ашигт малтмал, эрчим хүчний төлөв байдлын тайландаа нүүрсний үнийг 68 ам.доллар байх прогноз дэвшүүлжээ. Ерөнхийдөө ирэх оноос нүүрсний үнэ буурна гэсэн бүүдгэр хүлээлт давамгайлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?