| |
УОК өнөөдөр өглөө яаралтай хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Мөн Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө 02:00 цагт гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилласан. Өнөөдөр өглөө 06:00 цагт УОК хуралдаж, шийдвэрүүд гаргалаа. Юуны түрүүнд гадаадын иргэнтэй хамт нисэж ирсэн, буудалд байсан, хамт хооллосон, ажлын байранд цуг байсан иргэдийн нэрсийг гаргаж, яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай хийх шийдвэрийг гаргалаа.
Түүнээс гадна, өнөөдөр өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоохоор боллоо" хэмээлээ.
ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл "Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Урьдчилсан байдлаар бид коронавирусийн халдвар байна гэж үзэж байгаа. Давтан шинжилж, баталгаажуулна. Энэ хүн ирээд Дорноговь аймагт ажилласан. Бид эхлээд уулзсан 42, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг УОК-оос өгч байна.
Ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагынхан хийх ёстой. Бид шөнийн 02:00 цагаас эхлэн ажиллаж байна. Хаана очсон, хэнтэй уулзсан зэргийг камер шүүх замаар олж тогтоож байна. Улмаар эхний ээлжинд очсон газруудыг нь ариутгаж байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан. Сорьцыг авчирч шинжлээд, урьдчилсан байдлаар ХӨСҮТ-ийнхөн коронавирус илэрсэн гэж үзсэн. Улмаар 04:00 цагт ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь руу явсан. Эмч нарын баг тухайн иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна гэдэг мэдээлэл өгч байна.
Францын иргэнийг Монголд ирэхэд нь л "Та өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой гэсэн шаардлага тавьсаар байтал үл тоож, олон газраар явсан мэдээлэл байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллага, УОК-оос өгч байгаа зөвлөмж, зааврыг заавал биелүүлэхийг хүсэж байна. Бид нэгдүгээр хавьталд орсон бүх хүний мэдээллийг аль хэдийнэ олоод авчихсан. Эхнээсээ тусгаарлаад, шинжилгээгээ аваад эхэлчихсэн. Хэрвээ энэ гадаадын хүнтэй ойр хавьталд орсон гэж үзэж байгаа хүн байвал эрүүл мэндийн байгууллагад хандаарай. Макс зүүгээрэй" хэмээлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?