| |
УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрлчлөлт оруулах асуудал энэ долоо хоногийн хамгийн чухал асуудал болж хувирлаа.
Уг хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр нь бүх нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзвэл "Үндсэн хуулиа өөрчлөхийг дэмжих үү" гэж асууна. Энэ санал асуулга явуулахаасаа авахуулаад л Үндсэн хуулиа өөрчлөх асуудал олон анхаарлыг татаж байна. Хэдийгээр дээрх хуулийн төслүүдэд 40 гаруй гишүүд гарын үсэг зурсан ч гэсэн зарим намын бүлэглэлүүд цаг хугацааны хувьд амжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр өдий хүрлээ.
Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сонгууль болохоос зургаан сарын өмнө хийсэн байх шаардлагатай юм. Тиймээс энэ арванхоёрдугаар сардаа багтааж энэ асуудлыг эцэслэх ёстой.
Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмэлт, өөрчлөлт хийж байна гэж нэрлэхэд учир дутагдалтай байна. Тодруулбал, гишүүд зоригтой өөрчлөх ёстой гэсэн "дарцаг" дор нэгдээд Үндсэн хуулийнхаа 50-60 хувьд нь өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. 50-иас дээш хувьд нь өөрчлөлт оруулсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлт хийсэн биш хууль шинээр бичсэн гэж үздэг хуультай. Тиймээс Н.Батбаяр гишүүн Үндсэн хуулийг шинээр зохиож бичсэнээс өөрцгүй зүйл болж байгаа юм.
Мөн дээрх өөрчлөлт хийгдсэн тохиолдолд Үндсэн хуулиас салбарлаж гарсан бүх дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болно. Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй ч хэмжээнээс давсан өргөн хүрээ, гүн агуулгатай гэдгийг мартаж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ямар ч төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн, харшлахгүй байх ёстой. Үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу Үндсэн хуулийн нийт 70 зүйлийн 35, түүнээс дээш хувьд өөрчлөлт, нэмэлт оруулахаар байвал тухайн төслийг нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй, энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, хянан үзэх тусдаа асуудал болно.
Үндсэн хуулийн дараах өөрчлөлтүүдийг оруулахаар уг хуулийн төсөлд тусгажээ.
-Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,
-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,
-Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана,
-Засгийн газар есөн яамтай байна,
-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно,
-УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцно,
-Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор УИХ, бусад шүүхийн шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчийн зарлигаар хийнэ, Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар батална,
-Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,
-УИХ-ын бүрэн эрх таван жил байх,
-УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос саналаа нууцаар гарган сонгодог байх,
-ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулах,
-Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх,
-Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,
-Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох.
Г.Лхагваа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?