| |
Шударга ёс эвслийн бүлгийн Өршөөлийн хуулиар авсан завсарлага өнөөдөр дуусна. Тиймээс уг хуулийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай. Өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэлэлцэх байсан ч Шударга ёс бүлгийн гишүүд уг хуулийг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргаж гишүүдийн дэмжлэг аваагүй учир арга буюу завсарлага авсан.
Өршөөлийн хууль өнөөдөр нийгмийг болон улстөрчдийг хоёр хуваагаад байна. Ерөнхийлөгч авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй байхаар шийдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан ч Өршөөлийн хуульд бүрэн гүйцэд тусгаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Батлагдсан цагаасаа хойш хоёр сарыг ардаа үдээд буй уг хууль нийгмийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт хаалттай хэлэлцэх асуудал нэлээд хүчтэй яригдаж чуулганы танхимд хаалттай хэлэлцэх бүх бэлтгэлийг хийсэн нь гишүүд, олон нийт болон Ерөнхийлөгч хүртэл дэмжлэгийг аваагүй юм. Тиймээс өнөөдөр уг асуудлыг хаалттай хэлэлцэх эсэх нь ч гэсэн бас тодорхой бус байна.
Ямартаа ч өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын наймдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бичигджээ. Ямар нэгэн нам, эвслээс завсарлага авахгүй бол олон сар хүлээгээд буй Өршөөлийн хуульд өнөөдөр нэмэлт, өөрчлөлт оруулна.
Сануулахад өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэлэлцэх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч манайд айчлал хийж байсан бол өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ажлын айлчлал хийнэ.
Г.Лхагваа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?