| |
Өршөөлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үдээс хойших нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэнэ. Шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх явцыг олон нийт нээлттэй үзэх хүсэлтэй байгаа хэдий ч чуулганы танхимд гар утасны сүлжээ унагагч төхөөрөмж байршуулж буй талаар үдээс өмнө зарим гишүүд мэдээлсэн. Тодруулбал, АН-ын нөлөө бүхий эрхмүүд Н.Энхбаяртай тохиролцон, хаалттай горимоор явуулах хор найруулсан гэх бор шувуу нисэж байна.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс өршөөлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бүлгийн дарга С.Баямбацогт "Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр авилга, албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хууль өнөөдрийн чуулганаар нэг мөр шийдлээ олохоор харагдаж байгаа ч чухам ямар байдлаар хэн хэн байр сууриа илэрхийлэх нь нууц хэвээр үлдэх нь үү гэсэн хардлага төрж эхэллээ. Санал хураалт нууц байдлаар явагдсан тохиолдолд ерөнхийлөгчийн тавьсан хориг бүхлээрээ батлагдах боломжгүй талаар эх сурвалжууд онцолсоор байна.
Хуульзүйн байнгын хороон дээр Өршөөлийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр ерөнхийлөгчийн тавьсан хоригийг заалт тус бүрээр нь нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх шийдэлд хүрсэн билээ.
Ж.Мядагбадам
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?