| |
1 хүртэлх насны хүүхэд болон бага насны хүүхдэд ханиад шуухинаа эхэлсэнээсээ хойш 10-14 хоногт аажимдаа сайжираг. Зовиур хамгийн их илрэх хугацаа 2-3 өдөр байдаг. Бага насны хүүхэд болон нярайд ханиад эдгэхгүй байлаа гэхэд 3-4 долоо хоногт бүрэн эдгэнэ. Харин том хүн болон өсвөр насны хүүхдэд 5-7 хоногт эдгэрнэ. Гэвч үүнээс олон хоног өвдөх, улам хүндэрвэл эмчид хандана.
Бага
насны хүүхдүүд жилд дунджаар 6-8 удаа (9 сараас 4 сар хүртэл хугацаанд
дээд тал нь сард нэг удаа) ханиад хүрдэг ба ханиад шуухинаагийн шинж
тэмдэг дунджаар 14 хоног үргэлжилдэг. Энэ нь хүүхэд тань дээр дурьдсан
саруудын бараг тал хувьд нь ханиад шуухинаатай байх магадлалтай гэсэн үг
бөгөөд та үүнд санаа зовох огт хэрэггүй. Гэртээ байдаг хүүхдүүдтэй
харьцуулахад цэцэрлэгт явдаг хүүхдүүд илүү ханиад хүрдэг байна. Гэсэн
хэдий ч цэцэрлэгийн хүүхдүүд сургуульд орсон үедээ ханиад харьцангуй
цөөхөн хүрдэг ба энэ нь тэдний урьд олон удаа ханиад хүрч улмаар
ханиадны зарим вирүсүүдийн эсрэг дархлаатай болсонтой холбоотой байж
болох юм.
Ханиад шуухинаа нь жилийн аль ч улиралд тохиолдож болох боловч ихэвчлэн
намар ба өвлийн үед илүү олон тохиолддог. Гэхдээ ханиад шуухинаа
хүрэхэд хүйтэн цаг агаар эсвэл даарах огт хамааралгүй гэдгийг мэдвэл
зохистой.
Ханиад халдах – Ханиад шуухинаа нь хүнээс хүнд шууд юм уу эсвэл орчинд
байгаа ханиадны вирүсээр халдварлагдаж дамжина. Ханиад хүрсэн хүн эхний
2-4 хоногтоо хамгийн халдвартай байдаг.
Шууд халдах-Ханиадтай хүмүүсийн гарын алга ханиадны вирүсээр
бохирлогдсон байдаг бөгөөд эдгээр вирүс нь 2 цагийн дотор өөр хүнийг
ханиад шуухинаагаар халдварлуулах чадвартай байдаг. Хэрэв ханиадтай
хүүхэд өөр эрүүл хүүхдэд хүрсний дараа тэр эрүүл хүүхэд өөрийн нүд,
хамар, эсвэл амаа оролдох үед ханиадны вирүс дамжиж, ханиад шуухинаа
үүсгэнэ.
Гадаргуу дээрх вирүсээр халдах- Ханиадны зарим вирүс нь лангуу,
хаалганы бариул, хүүхдийн тоглоом гэх мэт зүйлсийн гадаргуу дээр нэг
хоногийн турш амьд оршиж чаддаг байна.
Ханиадны вирүс бүхий жижиг дуслаар халдах- Ханиадтай хүн амьсгалах
болон ханиах үедээ ханиадны вирүстэй жижиг дуслыг агаарт ялгаруулж
гаргаж байдаг. Эдгээр халдвартай дуслууд нь ханиадыг цааш дамжуулна.
Ханиад шуухинаагийн шинж тэмдгүүд – Халдвар авснаас 1-2 хоногийн дараа
шинж тэмдгүүд гарч эхэлнэ. Хүүхдүүдийн хувьд хамар битүүрэх нь хамгийн
гол шинж байдаг. Мөн хүүхдийн хамраас өнгөгүй усархаг эсвэл шар
ногоовтор нус гарах, халуурах (38С-аас дээш) шинжүүд өвчний эхний гурван
өдөр ажиглагдана. Ханиадны бусад шинжүүд болох хоолой хөндүүрлэх,
ханиах, тайван бус болж уйлагнах, нойрондоо муудах болон хоолондоо
дургүй болох шинжүүд илэрдэг. Хамрын дотор тал нь улайх, хүзүүний
тунгалагийн булчирхай ялимгүй томорч болно. Дээр дурьдсан ханиадны шинж
тэмдгүүд нь өвчний эхний 10 хоногт хамгийн хүнд тодоор илэрнэ. Зарим
хүүхдүүд 10-аас илүү хоногоор хамар нь битүүрэх, нус нь гоожих ба ханиах
тохиолдол гардаг. Мөн хүүхдийн хүрсэн ханиад эдгэрч байхад дахин шинээр
ханиад шуухинаа хүрэх нь (ялангуяа намар, өвлийн улиралд) хэвийн
үзэгдэл юм. Хүүхэд ийнхүү ойр ойрхон ханиад хүрэх нь эхний хүрсэн ханиад
эдгэхгүй хэдэн долоо хоног, сараар үргэлжилж байгаа мэт сэтгэгдлийг
эцэг эхэд нь төрүүлдэг байна. Хүүхдэд тань доор дурьдах ноцтой шинжүүд
илрээгүй л бол та үүнд санаа зовох шаардлагагүй. Хэрэв хүүхдэд тань
дараах шинжүүдээс аль нэг нь илэрвэл та өдөр шөнө хамааралгүй хүүхдийн
эмчид яаралтай үзүүлээрэй:
Удаан хугацааны турш шингэн юм уух дургүй байх
Хүүхэд их цочромтгой тайван бус болох эсвэл унтаа ноомой болох
Амьсгалахдаа хүндрэлтэй болох, амьсгал нь түргэсэх
Та дараах тохиолдолд хүүхдээ эмчид мөн үзүүлээрэй:
Хүүхэд тань 38.4С-аас дээш гурваас олон хоног халуурах
14 хоногоос олон хоногоор хүүхдийн хамрын битүүрэлт сайжрахгүй байх эсвэл улам битүүрэх
Нүд нь улайх, нүднээс нуух гарах
Чихний халдварын шинж тэмдгүүд болох чих нь өвдөх, чихээ хүүхэд үрж зулгаах шинжүүд илрэх
Ханиад шуухинаа өвчний хүндрэлүүд- Ханиад хүрсэн ихэнх хүүхдүүдэд
хүндрэл үүсдэггүй. Гэсэн хэдий ч та ханиадны хүндрэлийн талаар мэддэг
байх ёстой. Үүнд:
Дунд чихний үрэвсэл-Ханиад хүрсэн хүүхдүүдийн 5-19%-д нянгийн эсвэл
вирүсийн гаралтай дунд чихний үрэвсэл үүсдэг. Хэрэв хүүхэд тань ханиад
хүрсний эхний 3 өдрөөс хойш 38С-аас өндөр халуурч байвал энэ үрэвсэл
үүссэн байх магадлалтай.
Астма (Багтраа өвчин)-Ханиад шуухинаа нь урьд нь огт эрүүл байсан
хүүхдэд шуугиантай амьсгал үүсгэж болох ба урьд нь багтраа өвчтэй байсан
хүүхдийг улам муутгаж болдог.
Хамрын хөндийн үрэвсэл-10-аас олон хоног хамар нь битүүрч байгаа хүүхдэд нянгийн гаралтай хамрын хөндийн үрэвсэл үүсч болно.
Уушгины хатгаа- Ханиад хүрсний эхний 3 хоногоос хойш халуурсаар байгаа
ялангуяа ханиаж, амьсгал нь түргэссэн хүүхдэд уушгины хатгаа үүссэн байх
магадлал өндөр байдаг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?