| |
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах халдлага болсны дараа тус улсад 10 гаруй хэвлэл мэдээллийн ажилтныг баривчиллаа гэж Венесуэлийн хэвлэл мэдээллийн үйлдвэрчний хорооноос мэдэгдлээ. Тус холбооны твиттер хуудаст энэ талаар бичихдээ ”Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг халдлага болсны дараа Венесуэлд янз бүрийн улс орны 11 сэтгүүлчийг ямар ч ул үндэсгүй баривчилсан бөгөөд тэдний заримыг дээрэмдэж, зодож жанчих зэргээр авирласан гээд бид хэвлэн нийтлэх эрх чөлөөг хясан боогдуулж байгаа энэхүү харгис явдалтай хатуу тэмцэх болно” хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар Венесуэлийн хууль хүчний байгууллагад Испани, Аргентин, Франц болон тус улсын 11 сэтгүүлч баривчлагдаад байгаа бөгөөд тэднийг саяхан болсон Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг халдлагатай холбоотой ийнхүү саатуулсан байж болзошгүй байгаа юм байна.
Үүнээс өмнө тус улсын Харилцаа холбоо мэдээлийн сайд Хорхе Родригес өнгөрсөн бямба гарагт тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог Боливарын өргөн чөлөөн дээр үг хэлж байх үед тэсрэх бөмбөг ачсан хэд хэдэн нисдэг дрон чиглэн ирж террорист халдлага болсон талаар мэдэгдсэн юм. Түүний хэлснээр уг халдлагын улмаас Ерөнхийлөгчийн 7 хамгаалагч хүнд шархдаж, харин Ерөнхийлөгч Мадуро ямар нэгэн байдлаар халдлагад өртөөгүй байна. Энэхүү асуудлын дараа Венесуэлийн Ерөнхийлөгч уг халдлагыг Колумбын талаас зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн ба харин үүнийг тус улсын зүгээс эрс няцаагаад байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Fox News телевизэд АНУ энэхүү халдлагад ямар ч хамаагүй хэмээн мэдэгджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?