| |
Цөөн хүн амтай манай улсад гамшгийн хэмжээнд хүрээд буй зүйл бол хавдарын өвчлөл. Гэтэл манай улсын хэмжээнд ганцхан Хавдар судлалын үндэсний төв гэх хуучирч муудсан эмнэлэг байдаг нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнөөдөр хавдар хэмээх тахлыг гамшгийн хэмжээнд хүргэсэн нөхөд бол сүүлийн гучаад жил Эрүүл мэндийн салбарын толгойд байсан хүмүүс. Учир нь тэдний хэн нь ч энэ олон жилийн турш Хавдарын эмнэлэг барих нь бүү хэл тийм оролдлого ч хийсэнгүй. Харин өдгөөгийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбар яам тэргүүлэх болсон цагаас хойш хавдар хэмээх тахалтай тэмцэж, өвдсөн хүмүүсийг аюулт өвчнөөс салгахын тулд зайлшгүй дэлхийн жишигт нийцсэн Хавдарын эмнэлэгтэй байх ёстойг мэдэж буй учраас Хавдар судлалын үндэсний төвийн ойролцоо баригдаад дуусч буй Хавдар судлалын эмнэлгийг Төрд худалдан авах саналыг Засгийн газарт оруулах тухай байр сууриа илэрхийлсэн нь олны талархалыг хүлээсэн учраас "энэ эмнэлэг” өөрийн эрхгүй сонирхол татлаа. Баттай эх сурвалжаас авч үзэхэд Хавдарын эмнэлэг нь арван хоёр давхар бөгөөд дэлхийн стандартад нийцсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Нөгөө талаар зориулалтын эмнэлэгт Австри улсын долоон сая .ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулах ажил бэлэн болж, ирэх онд ашиглалтад орох юм байна.
Тэгэхээр хувийн хэвшлийн зүгээс өөрийнхөө хөрөнгөөр дэнчин тавьж эхлүүлээд өдгөө дуусах шатандаа явж буй бэлэн болсон эмнэлгийг Төр өөртөө авах нь хамгийн зөв гарц гэдэгтэй хэн ч санал нийлж таарна. Жилдээ хавдрын өвчтэй гэж 6000 гаруй иргэн шинээр оношлогдож байгаа бөгөөд өнгөрөгч 2017 онд гэхэд 1600 гаруй хүнээ хавдар өвчнөөс болж амиа алдсан статистик баримт байгаагаас харвал гуравхан сая хүн амтай улс оронд бол гамшгийн хэмжээнд аль эрт хүрсэн нь харагдана. Бүр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тоо гэж болно. Монгол Улсын Төр энэ аюулт өвчний эсрэг тэмцэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь Хавдарын эмнэлэг байх учиртай. Хавдарын өвчинг анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх эмнэлэггүйгээр энэ өвчинтэй тэмцэх ямар ч арга үгүй учраас Эрүүл мэндийн сайд ийм саналыг Засгийн газарт оруулахаар зэхсэн биз ээ. Гэтэл салбарын сайдын энэхүү санаачилгыг эсэргүүцэж буй бүлэг этгээд байгааг эх сурвалж хэлж байгаа нь харамсалтай. Өөрсдөө энэ салбарыг сүүлийн олон жилд удирдахдаа ийм зоримог шийдвэрт хүрч байгаагүйгээ далдлах гэсэн манай зарим улстөрчдийн санаархал байхаас зайлахгүй. Нөгөө талаас олон жилийн хөдөлмөрөө зориулан босгосон бүтээн байгуулалтаа "Төрд өгөхөөс татгалзахгүй” хэмээсэн УИХ-ын гишүүн М.Билэгтийн эсрэг сөрөг мэдээлэл ч үзэгдэх болов. Шууд утгаараа бол олон жил бизнест зүтгэж хуримтуулсан хөрөнгөөрөө орчин цагийн стандартад нийцсэн эмнэлэг бариулчихаад Төрд өгөх хүн олдохгүй. Өөрөө ажиллуулаад менежментийг нь удирдаад явахад асар их ашиг олох ийм л зүйл. Тиймээс хөлс хүч, хөдөлмөрөө шингээсэн зүйлээ Төрд өгөх хүсэл ямар ч бизнесмэнд төрөхгүй гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Үүний цаана ганцхан М.Билэгт гишүүн ч бус олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн байж таарна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа оношлогоо, эмчилгээний жишгийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьсон л хүний зориг гаргаж эхлүүлсэн ажил гэдгийг ч ойлгох цаг нь болжээ. Үнэн хэрэгтээ энэ эмнлэгийг Төр авсан ч хувийн хэвшилдээ үлдсэн ч зөвхөн монголчуудад л хэрэгтэй зүйл шүү дээ. Төр дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологитой эмнэлэг барих шийдвэр гаргаад, шаваа тавиад, ажлаа эхлүүлээд ашиглалтад өгнө гэдэг хугацаа алдахаас өөрцгүй. Тэр тусмаа Төр нь тогтворгүйн дээр урьд өмнөхийнхөө хийсэн ажлыг дараагийнх нь үгүйсгэж гацаадаг манай нөхцөлд тийм ч хурдан ийм хэмжээний эмнэлэгтэй болчихгүй. Нэгэн жишээ дурдахад, өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажлыг арваад жилийн өмнө эхлүүлсэн ч өнөөдөр дуусаагүй байгаа гээд бодчих. Нөгөө талаар саяхны буусан үерийн уснаас болж олон сая ам.долларын өртөгтэй тоног төхөөрөмжөө гэмтээсэн бодит жишээ ч хурдхан шиг шинэ эмнэлэг хэрэгтэй болсныг өөрийн эрхгүй сануулж байна.Тиймээс бүх талаараа шаардлага хангасан бэлэн эмнэлгийг Төр өөрийн мэдэлд авах нь хамгийн зөв шийдэл юм даа, уг нь.
М.Тогтох
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?