| |
Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа энэ сарын 6-наар огноолон парламентад хүргүүлсэн. Хуульд заасан хугацаа давчуу учраас өнгөрсөн баасан гарагт Их хурал хийгээд байнгын хороод цаг сунган хуралдан шийдвэр гаргасан юм. Товчхондоо УИХ-ын хуралдаанд оролцож санал өгсөн гишүүдийн шийдвэрээр хоёр гишүүн бүрэн эрхтэй, парламент бүтэн кноптой үлдэв. Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцдэг Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хүлээн авсан. Тэд бол УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн. УИХ-ын гишүүн ямар эрхтэй, эрх нь юугаар хязгаарлагддагийг хамгийн сайн мэдэх гишүүд гэсэн үг. Нэг ёсондоо тэдний шийдвэр бол бусад гишүүдэд зөвлөмж л гэсэн үг. Харамсалтай нь Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын таван гишүүний "зөвлөмжийг” чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахаас татгалзлаа. Үр дүнд нь Монголын парламент эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа хоёр гишүүнийг хаацайлсан шившигтэй шийдвэр гаргав. Мэдээж мөр зэрэгцэн сууж байгаа гишүүдийнхээ талаар хэлэлцэх амаргүй, хүндхэн шийдвэр байсан хэмээн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн хэлж байсан. Гэхдээ л Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн парламентын нэр хүндийг аврах тийм шийдвэрийг гаргасан. Парламентын засаглалтай улсын парламентад хамгийн удаан суусан тэд л институцийнхээ төлөө гар өргөхгүй бол өөр хэн ч өргөх билээ дээ. Харамсалтай нь чуулганы хуралдаан дээр очоод л энэ шийдвэр бүдэрчихсэн болохоос биш. Хоёр гишүүнийг авч үлдэхээр саналаа өгсөн 29 гишүүн үнэндээ институцийнхээ нэр хүндийг унаган байж авч үлдсэний төлөөс нь чухам юу юм бол доо.
Төрийн эрх барих дээд байгууллагыг уг нь ийм "шахаа”-нд оруулахгүй байх боломж байлаа. Парламентыг ийм шившигтэй шийдвэр гаргуулахгүй байх боломж уг нь байлаа. Эхнийх нь хэрэгт холбогдсон хоёр гишүүн УИХ-ын бүрэн эрхээсээ хүсэлтээрээ татгалзаж хууль хяналтын байгууллагаар шалгуулах. Гэтэл Д.Гантулга гишүүн лав халдашгүй бүрэн эрхээрээ далайлган хуулийнхны дуудсан цагт нь очихгүй байсаар парламентыг ийм асуудлыг хэлэлцэхэд хүргэсэн. Хоёрдугаарт нь хэрэгт холбогдсон хүн хүсэхгүй бол намаас нь шахалт үзүүлэх боломж бас байсан. Гаднын олон оронд нэр нь сэвтсэн улстөрчдийг харьяалдаг нам нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж шахалт үзүүлснээр өөрсдөө огцордог. Ардын нам ч , ардчилсан нам ч ингэсэн бол парламентын ч нэр хүнд, намынх нь ч нэр хүнд ингэтлээ унахгүй байх байлаа. Намын нэрээр парламентад сонгогдсон гишүүн нь институцийн нэр хүндийг ингэтэл нь доош нь аваачиж байхад намын дарга дуугүй суугаад байж боломгүй. Хэрэгт холбогдсон хоёр гишүүний харьяалдаг намын дарга нар юу хэлэхийг иргэд мэдэх эрхтэй. Тэгж байж дараагийн сонголт мэргэн байх биз ээ.
Энэ удаагийн чуулганы хуралдааны бас нэгэн эвдэгдсэн жишиг бол ашиг сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн өөрсдийнхөө бүрэн эрхтэй холбоотой асуудалд санал өгсөн нь байв. Уг нь ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуралдаанд оролцох ч санал өгөхгүй байх жишиг аль арван жилийн өмнө ч байсан. Тухайн үед банкны салбарын тулгамдсан асуудлыг чуулганаар хэлэлцэхэд Монголшуудан банкны хувьцаа эзэмшигч Д.Зоригт санал өгөхгүй гээд хуралдаанаас гарч байлаа. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өөрийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хуралдаанд санал өгөөгүйгээр ердөө нэг хүний саналаар унаж байлаа. Нэг санал чухал ч төрийн хүний ёс суртахууныг тэгтлээ дээдэлдэг байсан байх нь. Гэтэл эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа эрхэм гишүүд өөрсдийнхөө бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хуралдаанд улаан нүүрээ улалзуулан орж санал өгөөд гарч байх юм. Гишүүн Д.Гантулга гэхэд л ганцхан хүний саналын илүүтэйгээр бүрэн эрхтэйгээ үлдэж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад 57 гишүүн оролцсоноос 28 нь түдгэлзүүлэх талд, 29 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал өгсөн билээ.
Ж.Энхсайхан
Эх сурвалж: 24tsag.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?