| |
Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах нь нэг мөр бололгүй наадмын өглөөг угтах гэж байна. Төв цэнгэлдэхэд нээлт хийсний дараа "би, чи” гээд байгаа хоёр аварга зэрэгцэж зогсчихоод наадамчдыг чилээх юм биш байгаа. Юу л болдог бол гэсэн хүлээлт үүслээ.
Цол авсан дараалал, үнэмлэхний дугаараар бол А.Сүхбат нь 08, Г.Өсөхбаяр нь 09 гэж "тамгалуулсан” дархан эрхтэй гэж байгаа. Ерөнхийлөгч ч тэр л дарааллаар цол, үнэмлэхийг нь гардуулж баталгаажуулсан. Тэгэхээр нэг өдөр үнэмлэхээ гардсан ч "цолонд түрүүлж хүрсэн” нь Агваансамдан гуайн хүү болж таараад буй. Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо хуралдаад "Мэргэжлийн байгууллага шийд” хэмээн алх цохих эрхийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-нд өгсөн. МҮБХ хуралдаад "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу хоёр бөхийн хэн байх нь хамаагүй, үнэмлэхний тоог харгалзахгүй, амжилтаар нь эрэмбэлэнэ гэсэн бол олон давсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэнэ гэж шийдвэрлээд буй. А.Сүхбат хэвлэлийн хурал зарлан олон нийтэд тайлбарлахдаа "Би дархан аварга цолны болзлыг аль эрт 2004 онд хангачихсан байсан. Энэ цолыг би гуйж биш гуядаж авсан, 30 жилийн хөдөлмөр, зүтгэл минь шингэсэн. Тиймээс би энэ жил зодоглохдоо байх ёстой байрандаа л зогсоно. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа баяр наадмын тухай хуулиа үзсэн ч үндэслэл нь ийм л байгаа” гэж мэдэгдээд байгаа.
Уг нь монголчууд үндэсний их баяр наадам, цагаан сар гээд томоохон баяруудаа тэмдэглэх үеэр хэл ам гаргаж, хэлүүл зодоон хийхийг цээрлэдэг, тэвчдэг. Гэтэл энэ их хэрүүл юунаас болж үүсэв, яагаад Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо нь ч, Монголын үндэсний бөхийн холбоо нь ч бөөрөнхийлж, бас хүчгүйдээд байгаа юм бэ.Сураг ажиг хөөвөл "Дээрээс...” гэцгээх. Дээр гэж хэн юм бэ гэхээр хэлдэггүй. Ийм л байна.
Тэгвэл хэрүүлийн алим өнхрүүлэгч буюу өнөөдөр үүсээд байгаа маргааны хайныг хагалах ёстой хүн нь бөхийн хууль батлуулсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж баймаар. Гэтэл ус балгасан мэт сууна. Тэр "Манай улс цолтой бөх яасан олонтой юм. Яахаараа миний төрөлх нутаг Архангай аймаг дархан аваргагүй байдгийм. Бөх нь дүрмээрээ барилдаад хуулийн хүрээнд авч чаддаггүй юм бол би Их хурлыг ганцхан хуралдуулаад төрсөн нутгаа"Дархан аварга”-тай болгочихъё л доо гээд хууль батлуулаа биз дээ. Нэг аймгийг дархан аваргатай болгох, тодруулбал Г.Өсөхбаярт зориулсан хууль гаргаадахсан чинь гай болж А.Сүхбат гэгч нөхөр замд нь тээглэсэн нь ч үнэн шүү дээ. Ингээд зөв харж инээж, буруу харж уйлж байгаад хоёуланд нь дархан аварга гэдэг цол олгосон дог. Эцэст нь тэмдэглэхэд, "Хэн зүүнийг магнайлах вэ” гэдэг асуултад МҮБХ нь Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тухай дүрэм ярьж байгаа. А.Сүхбат Баяр наадмын тухай хууль ярьж байгаа. Хоёр аваргын хэн нь түрүүлж дархан аварга цолны үнэмлэх авсан бэ гэдэг шиг, одоо өмнө гарсан хууль, сүүлд баталсан дүрэм хоёроо эргэж харах ёстой биш үү. Дээр нь хууль батлуулсан Р.Гончигдорж даруй хэлд орж хуулиа тайлбарлах, наадмын өглөө хоёр аваргын маргааны хайныг хагалах гаргалгаа хийх, болохгүй бол эрхэм гишүүн өөрөө бөхийн засуул болчихвол яасан юм бэ?
Ч.Зотол /ЗУУНЫ МЭДЭЭ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?