| |
Наадам хаяалсан энэ өдрүүдэд хүчит бөхийн барилдааны зүүний магнайг хэн магнайлах вэ гэдэг дээр маш их маргах боллоо. Бүр Бөхийн холбооноосоо халиад Ерөнхийлөгчийн тамгын газар дээр хүртэл хүчээ авч яригдсан бололтой юм. Товчоор хэлбэл, харц ардын бөхийг алаг үзэж, ноёны бөхийг дэмжсэн шахуу юм болсон юм даг уу даа. Ардчилсан Ерөнхийлөгч албан ёсоор гардуулсан цолны эрэмбээ буцааж, хажуу хавирганд нь хань бараа болж явсан А.Сүхбатыгаа зүүний магнайд зүтгүүлэх болов. Харин нөгөө талд Бөхийн холбоо Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээсэн.
Бөх мэдэх нэгний яриагаар бол Ерөнхийлөгч ямар эрэмбээр цол тэмдэгээ өгсөн тэр дагуу магнайлах ёстой гэнэ. Уг ёсоор бол Г.Өсөхбаяр аварга энэ жилийн наадмын зүүний магнайд гарах нь зүйн хэрэг. Гэтэл эрхэм Ерөнхийлөгч маань "Ардчилсан намын бөх”-өө дэмжиж "сагсалзаад” байх юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч ийм өчүүхэн байж болох уу.
Улсын наадмын хүчит бөхийн зүүний магнайд хэн гарахыг шийдэх асуудалд хошуу, гар нэмэрлэн оролцох хэрэг байна уу. Ер нь л Монгол Улс "ардчилсан” Ерөнхийлөгчтэй болоод ардын наадмаа ч олигтой хийж чадахаа байлаа хэмээн хөгшид ундууцах болжээ. Өнгөрсөн жил гэхэд л ардын наадам Ардчилсан намын наадам болж хувирсныг хүн бүр мэднэ.
Д.Сосорбарам гавьяатын найруулан тавьсан наадмын нээлт дээр уртын дуу бус "Хонхны дуу” эгшиглэж ард түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Бүр бүжиглэх хүн олдохоо байгаад Со гавьяат өөрөө бүжиж үзүүлсэн. Мордохын хазгай гэгчээр "Харанга”-ын Х.Лхагвасүрэн мориноосоо унаж монголчуудыг өндөлзүүлээд авсан. Энэ мэт өнгөрсөн жилийн наадмын паян өнөөдөр ч бүдэгрээгүй байна. Бүдэгрээгүй паяны сүүмхийгээр энэ жилийн баяр наадамд дэлхийн оддыг авчирч дуулуулах чимээ чих дэлсэв.
Эдийн засгаа гүн хямралд оруулчихсан эрх баригчид дэлхийн одыг харж баясан наадамлах юм гэнэ. Тэр од дуучин нь хоёр тэрбум гаруй төгрөгөөр дуулах сураг гарч монголчуудын уур, бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Ардчилсан намынхны тэр дундаа "ардчилсан” Ерөнхийлөгчийн дур зоргоороо ааш хэрээс хэтэрч монголчууд бид наадмаараа наадамлаж чадахаа больж байх шиг байна.
Ардчилсан намын бөх заавал зүүний магнайд гарах ёстой гэсэн дэг жаяг ардын наадамд тогтох янзтай. Бөхийг хүртэл улстөржүүлээд байгаа Ардчилсан нам, "ардчилсан” Ерөнхийлөгч хоёрыг яая даа байз. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Эсвэл нөгөө манжийн дарлалын үедээ буцаад оччихов уу? Ноёны бөх гэдэг шиг А.Сүхбат аварга маань "Ерөнхийлөгч”-ийн бөх болчихсон бололтой юм. Тэгээд л ард түмний хүү Г.Өсөхбаяр аваргыг улсын Ерөнхийлөгчтэй нийлж бөөрөлхөж байгаа юм байна. Наадам болдгоороо л болно. Гэхдээ л "Ардын хүүхдийг алаг үздэг аль цагийн наадам бэ? Ерөнхийлөгч өө!” гэж асуумаар санагдаж байна. Хажуу бөөрөнд нь хань бараа болж, Ардчилсан намд элсэж орсон гээд А.Сүхбат аваргыг илүүд үзэх нь шударга ёс уу? Аль эсвэл ардын наадмыг Ардчилсан намын наадам болгох эрхэм Таны мэргэн санаа юу? Ардын наадам нь наадмаараа, ард түмэн нааддагаараа сайхан л наадмаар байх юм, "ардчилсан” Ерөнхийлөгч өө!
Т.ЗҮРХ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?