| |
Их хотод суурьшихаар ирсэн нэгэн өөрийн гэсэн алга дарам газартай болно гэдэг амаргүй даваа. Газрын сугалаанд оролцоно,бүтэхгүй бол хэн нэгний гарыг цайлгах гэж оролдоно, хэдэн сар хүлээнэ, уурлана, бухимдана. Эцэс сүүлд нь хэн нэгэн айлын хашаанд аль эсвэл үерийн далан, суваг зэрэг хориотой газар гэрээ барьж, суурьшдаг.
Амьдрах алга дарам газраа олж авах гэж махаа идэж буй нэгэн байхад олон нийтийн эзэмшлийн талбайд сэмхэн гэгч хашаа татаж аваад орсон, гарсан автомашины жолоочоос 1000 төгрөг хураах хүн ч олон болж. Үүнийг жижигхэн путик, зам талбайг хориглох улаан, цагаан өнгийн хаалттай зогсоолууд гэрчлээд өгөх биз. Хэтрүүлээд хэлэхэд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага бүрийн гадна талбайд хашаа хатгаад орсон гарсан автомашины жолооч нараас мөнгө авах хүмүүс олширчээ.
Тэр дундаа үйлчилгээний байгууллагын гадаа хашаа хатгаад мөнгө хураах нь ихэсчээ. Тухайлбал, "UB mart их дэлгүүр”, "Мобиком” корпораци, 100 айлын дөрвөн замын уулзварт байрлах "AВВ” центр, Улсын Драмын Эрдмийн Театр, Спортын төв ордон болон Залуучуудын ордны гадна талбай гээд дурьдаад байвал олон газар байна. Тэр бүү хэл, нийслэлийн Хангарьд ордны гадаах нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол байх юм. Эдгээр зогсоолууд 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөгийн үнэтэй. Энд бяцхан тооцоо хийж үзье.
Нэг зогсоолд өдөрт дунджаар 50 хүн нэг цаг машинаа байршуулахад 50 мянган төгрөг. Харин энэхүү мөнгө нэг сард 1.5 сая, нэг жилд 18 сая төгрөг болно. Зөвхөн нэг зогсоолд машинаа байршуулсан 50 хүний мөнгийг жилээр тооцож гаргахад ийм байна. Төлбөртэй зогсоолд машинаа байршуулж байгаа иргэдийн тоо 50-аар тогтохгүй. Үүнээс ч их бий. Энэ их мөнгө хэнд очиж, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг хэнд ч тодорхой биш. Тухайн байгууллагын орлого болдог уу, зам ашигласны төлбөрт явж байна уу гэдэг эргэлзээтэй. Аль ч талаас нь харсан хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн мэт.
Байгууллага хураасан мөнгөө шууд авдаг гэвэл хэтэрхий шударга бус. Учир нь тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа юм чинь машинаа зогсоолд нь үнэ төлбөргүй тавимаар. Нөгөө талаас зам ашигласны төлбөрт хурааж авдаг гэвэл улс иргэдээ хуулийн цоорхойг ашиглаж завшсан хэрэг болох биз.
Тодруулбал, жил бүр жолооч нар автозам ашигласны төлбөрт 20 мянган төгрөг тушаадаг. Ийм байтал зам ашигласны төлбөрийг давхар төлнө гэдэг мөн л шударга бус. Нийслэлийн төв хэсэгт машины зогсоол хомсыг далимдуулан зарим нэг нь бизнес хийх ухаанаа ийн олсон бололтой. Хүссэн байгууллага болгон хашаа хатгаад ард иргэдээсээ 1000 төгрөгийн хураамж аваад байх юм уу. Үүнийг хянадаг, шалгадаг байгууллага гэж байна уу.
Өмнө нь төлбөргүй байсан байгууллагын машины зогсоол нэг өглөө босоход л мөнгө авдаг болсон байх нь энүүхэнд. Хоёр, гурван үйлчилгээний байгууллага нэг хашаанд байрлана. Дээрээс нь төлбөртэй зогсоол ажиллуулна. Төлбөрийн мөнгийг хэн нь авдаг нь ч тодорхой бус. Зогсоолгүй газар зогсоол гаргасан нэрийдлээр иргэдээс мөнгө угаасаар байх уу. Үүнд хяналт, шалгалт хэрэгтэй. Тэгэхгүй бол захын нэг ТҮЦ хүртэл тойруулж хашаа бариад мөнгө хураах нь байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?