| |
Энэ өдрийн хуралдааныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова удирдан явуулсан бөгөөд төслийн баримт бичгийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам танилцуулсан юм.
УИХ-ын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг 2013-2016 онд хэрэгжүүлж байгаа билээ. Дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор "Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм байна.
Төслийг боловсруулах явцад Олон улсын зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн зөвлөх 3 дугаар сард ажиллажээ. Энэ үеэр зүүн 5 аймаг, хотын дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар, ТББ-ын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагт ирүүлсэн төсөл, газар, хэлтсүүдээс өгсөн саналуудыг судалж үзсэн гэж танилцуулгын үеэр дурдсан. Төслийн баримт бичгийн төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар эцэслэн боловсруулж, Швейцарийн хөгжлийн агентлагт 5 дугаар сард танилцуулж санал авсан гэлээ. Харин энэ удаагийн хурлын хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газар Швейцарийн Засгийн газарт төслийг батлуулахаар хүргүүлэх аж.
Төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 4.0 сая ам.долларын санхүүжилт шаардагдана гэж тооцож байгаа юм байна. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, УИХ-ын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь УИХ-ын Тамгын газар байх юм.
Төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг дээшлүүлэх 3 цогц буюу Хууль эрх зүйн, Институцийн, Хувь төлөөлөгчийн гэсэн стратегийг хэрэгжүүлэхээс гадна УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ.
Төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин сайжирч, ИТХ-ын зохион байгуулалтын чадавхи нэмэгдэн, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болсон байна гэж тооцож байгаа аж. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхи дээшилнэ гэж үзжээ.
Энэ үеэр төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсаны дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлсэн. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүд амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх явцад үндэсний сургалтын системийг бий болгосон гэлээ. Мөн Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гаргахад төсөл хувь нэмрээ оруулсан болохыг онцлоод "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь орон нутаг төрийн удирдлагын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээсэн.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төсөл дуусахаар хэрэгжүүлж байсан жил зогсдог байдлыг халж, үйл ажиллагаа нь байнга үргэлжлэх чиглэл рүү хандуулахыг зорьж ажилласан хэмээн онцолсон юм. Тэрбээр, "Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийг боловсруулах явцад өгсөн саналууд тусгагдан, баримт бичгийн үндсэн хана босч, ерөнхий чиг гарсан болохыг дурдсан. УИХ-аар баталсан Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудыг хэрэгжүүлснээр шийдвэр гаргах түвшинд, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хувьсал гарна гээд үүнд "Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн төслийн баримт бичигт тусгах саналуудаа илэрхийлсэн.
"Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн баримт бичгийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон төлөөлөл саналаа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?