| |
УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид хэдийнэ тодорч, галт тэрэг хөдөлж эхэлсэн. Зургаан мандаттай энэ тойрогт МАН хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй сойсноос нэр нөлөө, туршлага зэргийг нь тэнцүүхэн хуваарилжээ. АН мөн л хоёр эмэгтэй байгаа бөгөөд хүчний хувьд харилцан адилгүй аж. МАХН намынхаа удирдлагууд буюу хамгийн шанстай гэсэн нөхдөө сойж. Тэгэхээр энэ дүүрэгт сонирхолтой тулаан өрнөх нь дамжиггүй.
Ингээд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ, ямар намын өнгө илүү байгааг урьдчилан таамаглая.
71 дүгээр тойрогт Ц.Гарамжав
СХД-ийн 71 дүгээр тойрогт МАН-аас мандат өвөртөлсөн Ц.Гарамжав хэмээх бүсгүйн талаар сураг дуулаагүй хүн ховор. Түүнийг улстөр, бизнесийн хүрээнд мэдлэг боловсролоороо үнэлэгдсэн Монголын төдийгүй Азийн шилдэг бизнесмэнүүдийн нэг хэмээн үздэг юм билээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан тэрбээр уул уурхайн салбарт цахиур хагалж яваа нэгэн. Тэрбээр "Монполимет” группийн 1992 онд байгуулсан. Эдүгээ уул уурхай гэлтгүй барилгын салбарт хөл тавьж, хуурай аргын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан.
Ц.Гарамжав нь 2015 оны "Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаа багтсан бизнесмэн.Мөн 1 сая тоннын хуурай аргын цементийн эко үйлддвэр, хаягдал дулаанаар эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байгуулсан, уул уурхайн нөхөн сэргээлтээр 12 жил тэргүүлж жишиг компани болсон гээд түүний хийсэн бүтээсэн бүхэн олон улсад үнэлэгдсэн юм.
Нийгэмд төрийн нэр хүнд унасан, улстөрийн намуудад итгэх итгэл алдарсан үед МАН-аас нэр цэвэр, хийж бүтээх зорилготой, тууштай, зоригтой хүмүүсийг илүүтэй нэр дэвшүүлэхээр сонгосон. Тэрбээр 71 дүгээр тойрогт сонгуулийн гол өрсөлдөөн Ц.Гарамжав, Ө.Пүрэвбаатар хоёрын дунд өрнөх болов уу хэмээн таамгалж байгаа хүмүүс олон байна.
72 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
УИХ-ын 72 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Н.Учралтай хамт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг учирч буй. Өмнөх сонгуульд тэрбээр "Монос”-ын Эрдэнэчимэг хэмээн овоглогдож байсан бол эдүгээ Эрдэнэчимэг гишүүн гэгдэх болжээ.
Тэрбээр сонгинохайрханчуудыг төлөөлөн УИХ-д дөрвөн жил ажиллахдаа бусад гишүүнийхээ үүргийг багагүй биелүүлсэн гэдэг ч бусад . Тамхины хяналтын тухай хууль, Хог хаягдоын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээ, Гэр бүлийн тухай хууль гээд хэд хэдэн хуулийн төслийг санаачилж батлуулсан гавьяатай нэгэн.
Хэнтэй, хаана юу ярихаа мэддэг, өөрийгөө ч хэрхэн рекламдахаа мэддэг тэрбээр энэ удаагийн сонгуулиар хэрхэн яаж ажиллахаа сайн мэдэж буй туршлагтай нэгэн. Дүүргийнх нь нам түүний нэрийг УИХ-д дэвшүүлэхгүй хэмээн унагааж орхисныг эс тооцвол тэрбээр иргэд сонгогчдынхоо итгэлийг нэг их алдчихаагүй биз.
74 дүгээр тойрогт Б.Ургамалцэцэг
Ардчилсан намаас тус тойрогт өрсөлдөж буй Б.Ургамалцэцэгийн хувьд улс төрийн өндөр боловсролтой, манай улсын лидер бүсгүйчүүдийн нэг. Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан. Эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй.
МУБИС-д сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр 1996-2001 оны хооронд МСДН-д улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтэн, 2007-2008 онд АН-ын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлстийн дарга зэрэг ажлуудыг хашиж явжээ.
АН- ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа "Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЗХ- ны гишүүдээс бүрдсэн "Ажилтай орлоготой Монгол хүн”, "Аюулгүй орчинтой Монгол хүн”, "Эрх чөлөөтэй Монгол хүн”, "Эрдэм боловсролтой Монгол хүн”, "Эрүүл чийрэг Монгол хүн”гэсэн таван дэд ажлын хэсгийг ахлан нэг жилийн дотор 21 аймгийг тойрон ажилласан. Б.Ургамалцэцэг нь Ардчилсан намын "Сум-330 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анх санаачилж хэрэгжүүлсэн нэгэн.
71 дүгээр тойрогт О.Цолмон
МАХН өөрийн мөрийг хөөж одсон цагаас хойш тус намд цойлох лидер ховорхон болсон гэхэд болно. Намын хоёр лидер гэгдэх Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр нь сонгуулийн өмнө зангаа харуулж намаасаа нүүр буруулсан.
Гэхдээ МАХН сонгинохайрхан дүүрэгт өндөр ач холбогдол өгч, намын даргын гэргий О.Цолмон тэргүүтэй улстөрчдөө илгээжээ. Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн улаан дипломтой төгссөн цөөн хүний нэг гэдэг.
Түүний хувьд хэзээнээс улс төрийн халуун тогоо, хов живэнд хутгалдаж ирсэн нэгэн. Түүнийг хэдийгээр нөхрийнхөө ард байдаг ч нөхрөөсөө дутхааргүй улс төрийнхний ардах жүжиг, хор найруулгад томоохон байр суурийг эзэлдэг гэх юм билээ. Ямартай ч нэгэн цагт төрийн тэргүүний гэргий, тэргүүн хатайгтайгаар өргөмжлөгдөж явсан О.Цолмон өөрийн биеэр улс төрд орж, нэрээ дэвшүүлж байна. Харин түүнийг хэрхэн хүлээж авахыг сонгинохайханчуудын мэргэн сонголт мэдэх биз ээ.
72 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн З.Баян-Сэлэнгэ
З.Баян-Сэлэнгэ гишүүн мөн л СХД-т нэр дэвшинэ. Азтай, одтой хүнийг нэрлэх хэрэг гарвал хамгийн түрүүнд Барилга, хот байгуулалтын сайд санаанд буух бий. Улстөрчид түүнийг оймсонд хавчуулагдсан нөхөр хэмээдэг ч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд бас ч гэж чамлахааргүй улстөрч болж хувирсан.
"Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм жагсагч Улаанбаатар хотын уугуул. Түүний үндсэн мэргэжил бага эмч. Хожим 2003 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн юм билээ.
Тэрбээр мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэхээсээ илүү Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байснаа өмнөө барьдаг. "Би насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарсан, манай дүүргийнхэн намайг мэднэ дээ” хэмээн цээжээ дэлддэг түүнийг үнэхээр ч 17 дугаар хорооныхон төдийгүй Чингэлтэйхэн андахгүй юм билээ.
Гэхдээ тэр эдүгээ Зайсанд төвхнөөд удаж буй. Ямартай ч тэрбээр МАХН-ын даргад үйлчилж, түүний нөмөрт багтаж буйнхаа ачаар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авчээ.
Тус дүүрэгт өрсөлдөх нэр дэвшигчдийн байдлаас харахад УИХ-ын бусад тойргоос ялгагдах онцлог олон байгаа юм. Тэрээр Монголын улс төр дэх нэр нөлөө бүхий бүсгүйчүүд энэ тойрогт нэр дэвшиж байгаа нь сонгуулийг сонирхолтой болгох нь дамжиггүй. Харин одоо Сонгинохайрханчууд сонголтоо хийх үлдэж байна.
Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?