| |
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс дараах зүйлийг тодрууллаа.
-Иргэдэд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэ талаар тодруулна уу?
-Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar. mn сайтаар дамжуулан хүлээн авна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 гаруй мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа учраас иргэд шууд нэвтрэх нэр, нууц үгээрээ зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэх боломжтой. Шинээр бүртгүүлэх иргэдийн хувьд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөх боломжтой эсэхийг шийднэ. Тодорхой зөрчил байвал түүнийг арилгасны үндсэн дээр өмчлөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт иргэнд хүргүүлнэ. Шаардлага бүрэн хангасан тохиолдолд материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх юм. Иргэд газар өмчлөх хүсэлтээ цаасан хэлбэрээр холбогдох материалын хамт бүрдүүлээд өөрийн биеэр Өмч газрын харилцааны албанд очиж бүртгүүлэх боломжтой.
-Дээрх хоёр дүүргийн 26 байршилд зуслангийн газар эзэмшиж буй иргэн уг газраа шууд өмчлөх эрхтэй болж байгаа юу?
-Нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэх талаар тусгасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын ерөнхий төлөвлөгөөг 2014 онд баталсан. Зуслангийн газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа шинэчилсэн хаягийн бүртгэл хийхээс гадна одоо эзэмшиж буй зуслангийн газраа өөрсдийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэх боломжтой болж байгаа юм. Тодруулбал, эхний ээлжид Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Ханд-гайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шаргаморьт, Зуунмод зэрэг 19, Чингэлтэйд Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг долоон аманд өмчлөлийн ажлыг зохион байгуулна.
-Бүртгэл хэзээ дуусах вэ. Дараа нь аль дүүргүүдэд газар өмчлүүлэх юм бол?
-Зуслангийн газар өмчлөлийн бүртгэл ирэх есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг тус дүүргүүдэд судалгаа хийж байгаа.
-Иргэд зуслангийн газар өмчлөхдөө юуг анхаарах шаардлагатай вэ?
-Иргэдийн эзэмшиж буй газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.1-д заасанчлан хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж, талбай, автозам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай цэцэрлэг, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газар, бэлчээр, ойн болон усны сан бүхий тусгай хэрэгцээ, зам, шугам сүлжээний газраас өөр байрлалтай байх ёстой.
Ц.Заяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?