| |
Өнөөдөр манай улсад ээлжийн болон улирлын чанартай түр ажлын байр бий болох, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг яаж ажиллуулах, хувийн хэвшлийн салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх зэргээр хөдөлмөрийн шинэ харилцааг зохицуулах талаар асуудал үүссээр байна. Гэтэл эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд гол зохицуулах ёстой Хөдөлмөрийн тухай хууль маань цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй хуучирч хоцрогдоод байна. Ингэснээр зөрчил маргаан гарч хүндрэлтэй байдал үүссээр…
Аль 1973 онд гарч байсан хууль болохоор аргагүй бизээ. Тиймээс 1991, 1999 онд шинэчлэл хийн жаахан салхи оруулж байсан Хөдөлмөрийн хуулийг өнөөдөр өөрчлөх цаг болжээ. Энэ талаар нэг талаас төр, засаг, нөгөө талаас ажил олгогчдын байгууллага, ҮЭ-ийн холбоо гэсэн гурван талт хэлэлцээр байгуулж, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг төсөл дээр ажиллаж уг хууль бэлэн болоод байна. Ингэснээр Хөдөлмөрийн хууль хэрхэн шинэчлэгдэн сайжрах гэж байна вэ? Энэ талаар Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр бол:
- Өнөөдрийн байдлаар нийт ажилтан, ажиллагчдын 30-40 хувь нь Хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс юуны өмнө Хөдөлмөрийн болон Хөлсөөр ажиллах гэсэн хоёр гэрээ зэрэгцэн үйлчилж байгааг нэг мөр болгох, Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг нарийн тусгаж өгөх,
- Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд гарч буй шүүх дээр очиж хугацаа алдах зэрэг байдлыг зөвшилцөж эвлэрэх боломжтой болгож, үүнийг хуулиар нээж өгөх зэргээр асуудлыг цаг алдалгүй, түргэн шуурхай шийдэх гарцыг тусгаж өгч байгаа гэх.
- Хөдөлмөрийн байцаагч нарын эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг хуулийн шинэчлэлийн хүрээнд авч үзэн шийдэх гэж байгаа гэнэ.
- Мөн хуулиар заавал хамгаалагдах учиртай хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүд, ахмадуудын цалин хөлсний ялгавартай, ажиллах нөхцлийн тэнцвэргүй байдлыг арилгах, тэдний хөдөлмөрлөх эрхийг тодорхой болгох зэргээр хөдөлмөрийн харилцааны асуудлыг тусгайлан тусгаж өгөн зохицуулах,
- Төрийн оролцоог аль болгон багасгаж хувийн хэвшлийн оролцоог хөгжүүлэх талаар ААН-ийн удирдлагад олгох хөдөлмөрийн харилцааны эрхийг нэмэгдүүлж дээшлүүлэх, хөдөлмөрийн харилцааны зөрчил маргаан, хүлээлгэх хариуцлага, түүнд тавих хяналтын тогтолцоог тодорхой болгож, хүний нөөцийн ажилтнуудын эрх, үүргийг илүү зааж өгөх зэрэг үзэл баримтлалыг тусгаж өгнө гэж байна.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх байсан ч Засгийн газар өөрчлөгдөж, шинэ сайдууд томилогдох зэргээр хойшлогдсон гэсэн тайлбарыг салбарын яамнаас өгч байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулган эхлэх хүртэл энэ хуулийг хэрхэн шинэчлэх талаар саналаа өгөх боломж иргэд, ажиллагсад, ААН-үүдэд гарч байна. Саналаа бизнесийн төлөөллийн байгууллага-МҮХАҮТболон Хөдөлмөрийн яам, МҮЭ-үүдийн Холбоонд гаргах боломжтой юм.
***
Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн батлах гэж нилээд хэдэн жил болох өнгөрсөн хугацаанд одоо мөрдөж буй Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт ямар байгааг Хөдөлмөрийн яам, институтээс судлан гаргажээ. Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн удирдлагууд өөрийн компани, ААН дээр хууль сайн хэрэгждэг гэсэн байна. Тэгвэл зарим ажил олгогчид болон ажилчдын хувьд хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд төдийлөн сайнгүй байгаа гэжээ. Дийлэнх нь цалин хөлс болон ажил, амралтын цагийн зохицуулалт хэрэгждэггүй гэсэн байна. Эмэгтэйчүүд болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хамтын гэрээ хэлцэл дэх зүйл заалт бараг хэрэгждэггүй гэсэн байна.
Мөн компани, ААН-үүд Хөдөлмөрийн хуулинд заасан зүйлийг хамтын гэрээ байхгүй гэсэн байдлаар дотоод журмаар зохицуулахдаа нарийн тусгахгүй байх, мэргэжлийн холбоод, ҮЭ, ажил олгогчид болон ажилчдын төлөөлөл хамтран ажиллаж байж асуудлыг шийдэх боломжтой хамтын гэрээний давуу талыг төдийлөн гаргаж ойлгуулахгүй байх явдал их байгаа нь харагджээ. Нэг ёсондоо өнөөдөр манай улсад Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Наад зах нь хөдөлмөрийн харилцааны хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл удирдлагын хэмжээнд хангалттай байхад ажилчдын хувьд тун бага, хэн нэгнээс дуулсан, эсвэл дарга нараасаа асуусан, хурал зөвлөгөөн дээр сонсдогг байдлаар, мэдээллийн сурталчилгаа хангалтгүй, учир дутагдалтай байна.
Нэг ёсондоо ажилчид өөрсдийн эрх ашиг, хамгаалалтыг тусгасан Хөдөлмөрийн харилцааны хуулийнхаа талаар мэддэггүй, эрх ашиг нь зөрчигдлөө гэхэд хэн ямар хариуцлага хүлээх зэргийн наад захын мэдээлэлгүй явж байх жишээний. Энэ нь манайд хуулиудын сурталчилгаа тааруу байдаг, олон нийтийн PR-ын үйл ажиллагаа үгүйлэгдэж төр мэдээлэл нээлттэй, ил тод болж цахимжсан гэдэг байдлаар хуулиа сурталчлах үүргээ хангалтгүй биелүүлж байгааг харуулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Нөгөө талаар хууль хэрэгжихэд түүнийг дагаж олон дүрэм, журам гардаг, хуулийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчдад энэ талын хүсэл зориг, эрмэлзэл төдийлөн байдаггүй зэрэг байдал ч хуулийг "тоохгүй” болгож хангалттай хэрэгжихэд чөдөр тушаа болсоор байна.
Хуульд шинээр юу тусгагдав
Хуулийн төсөлд хуулийн нэр томьёог одоо мөрдөж буй хуулиас илүү дэлгэрэнгүй гаргаж тайлбарласан байна. Төсөлд одоогийн мөрдөж байгаа хуульд байгаагүй хэд хэдэн нэр томьёог оруулж ирсэн бөгөөд "Жасаа”, "Жасаагаар ажиллах”, "Бөөний халалт”, "Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтан”, "Ажлын байран дахь дарамт”, "Ажлын байран дахь бэлгийн дарамт” гэх зэрэг шинэ ойлголтыг нэмж оруулжээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд "Хамтын гэрээ-хамтын хэлэлцээр” гэж байсан бол төсөлд хамтын хэлэлцээрийг эхэнд тавьж, хамтын гэрээг дараагийн ээлжинд тавьсан байна.
Нэг ёсондоо хуулийн төсөлд Хамтын гэрээг байгуулахаас өмнө Хамтын хэлэлцээ хийнэ гэж зааж өгчээ. "Хамтын гэрээг талууд хэлэлцээ хийх замаар байгуулна. Одоо мөрдөж байгаа хуулиар гэрээ, хэлэлцээрийг ижил түвшинд тавьсан бол хуулийн төсөлд хэлэлцээг эхлэж хийчихээд, дараа нь гэрээ байгуулна” гэжээ.
Хуулийн төсөлд Хөдөлмөрийн аюулгүй нөхцөлөөр хангах, Хөдөлмөрийн нөхцөлийн магадлан шинжилгээ /экспертиз/, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах гэсэн шинэ зүйл нэмж оруулсан байна. Мөн одоогийн мөрдөж байгаа хуульд ерөнхий заалт байдаг бол шинээр оруулж ирсэн хуулийн төсөлд ажилчин, ажилтны эрх, үүргийг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд "Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх”, "Хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох” гэсэн хоёр зүйлийг нэмж оруулжээ.
Хуулийн төсөлд "Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцааны үндсэн дээр байгуулах Хөдөлмөрийн гэрээ” гэж шинэ зүйл оруулж ирсэн байна. "Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд нь … ажил олгогчтой ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулна. Уг гэрээнд үндэслэн ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд нь хувь хүнтэй энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэсэн байна.
Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэ төсөлд "Хөлсөөр мал маллах малчны цалин хөлс”, "Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн олговор” гэх мэт шинэ зүйл заалтыг нэмж оруулсан байна.
Эх сурвалж: mongolchamber.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?