![]() |
Хурдан морь унана гэдэг, ялангуяа хүйтний улиралд морьтой уралдана гэдэг хүүхдүүдийн хувьд хүнд хөдөлмөрт тооцогддог. Энэ талаар наадам, өвлийн уралдаан эхлэх үеэр амтай болгон нь эсэргүүцэн ярьдаг ч нөхцөл байдал дээрдэхгүй, баячуудын зугаагаа хэрэгсэл хэвээр байсаар байна. Жилийн жилд цагаан сарын дараа энэ асуудал сөхөгддөг ч дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ жил ч нөхцөл байдал дээрдсэнгүй.
Энэ сарын 28-нд буюу өчигдөр гадаа хасах хэмийн хүйтэн байхад "Дүнжингарав 2016” уралдаан болж өнгөрлөө. Уг нь энэ жил 12 аймгийн засаг дарга өвлийн уралдааныг хориглох захирамж гаргаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болох Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг зөрчигч хөрөнгөтнүүдийн хий дэмий хийрхлийг төр засаг ч болиулж дийлсэнгүй. Ерөнхий сайдаас, орон нутгийн удирдлагуудаас илүү тэдний зугаа цэнгэл, эрх ашиг том гэдэг нь нотлогдлоо.
Үүний гол хохирогч нь хүүхдүүд юм. Уг нь тэд ээж, аавынхаа энгэрт эрхлээд хэвтэх учиртай. Гэтэл тэднийг халаасандах мөнгөө багтааж ядсан баячууд зугаагаа гаргах зорилгоор өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд хоёр цаг гаран хүйтэн агаарт морь унуулан уралдуулж байна. Үүнээс болж олон арван хүүхэд мориноосоо унаж бэртдэг. Зарим харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол ч олон байдаг.
Тухайлбал, Өнгөрсөн жил морин уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унана гэмтэж, гурван хүүхэд нь амь насаа алдсан. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг. Энэ бол харамсалтай тоо баримт юм. Энэ тоо өчигдөр хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ч хүүхэдгүй морь цөөнгүй харагдсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн. Хэвлэл мэдээлэл болон хүүхдийн эрхийн байгууллагууд сүүлийн жилүүдэд эдгээр уралдаануудыг явуулахыг эсэргүүцэх болсон тул зохион байгуулагчидтай нь хуйвалдаж бэртэж гэмтсэн хүүхдүүдийн тоог нууж, хав дарах тохиолдол ч гарах боллоо. Энэ тоо баримт нь зөвхөн хоттой ойрхон газраас ирсэн хүүхдүүдийн тоо гэнэ. Тиймээс холын аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй.
Зарим судалгаанаас харахад гол төлөв 10-15 насны хүүхдүүд хурдан морь унадаг. Тэдгээрийн ихэнхи нь 5-7 насандаа хурдан морь унаж эхэлсэн байдаг. Бага насандаа уралдааны морь унаж байсан хүүхдүүд нас биеэнд хүрэхээрээ бөөр, давсагны өвчлөлтэй болох тохиолдол элбэг. Олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай байна. Хэдийгээр хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн баталгаа байдаггүй. Хацраа хайруулж, тархиа доргиож, гар хөлөө шалбалах бол унаач хүүхдүүдийн хувьд хамгийн хөнгөн бэртэл. Аймшигтай сонсогдож байгаа биз.
Ийн атал Өвлийн хүйтэнд хурд, ир нь орсон адгуусны нуруун дээр өөрийнхөө хүүхдүүдтэй адилхан жаахан хүүхэд суулгачихаад, өөрсдөө хажуугаар нь тохилог жийпэнд суугаад хашхичин, гуугчин хурдлахыг шаардаж хөөдөг, хурдан морьд, хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхмүүдийн эрх ашгийг дээдэлсэн энэ мэт уралдаануудыг зохион байгуулсаар байгаа нь харамсалтай. Өчигдөр болсон уралдааныг харахад Дүнжингарав хаврын уралдаан биш Дүнжингарав жийп машины уралдаан шиг зүйл болсон. Хамгийн хамгийн хачирхалтай нь телевизийн камерт нэг машин зогсож харагдаагүй. Хүүхэд нь унасан морь өч төчнөөн давхиж явсан. Ер нь энэ хариуцлагыг Монгол Морин Спорт Уяачдын холбоо гэх сүржин даржин нэртэй байгууллагаас нэхэх хэрэгтэй. Өөрсдийн зугаа цэнгэл, ашиг орлогын төлөө том том чулуу өвөртөлсөн баячуудын эрх ашигт нийцүүлж, түмний хүүхдийн амь насыг уландаа гишгиж яваа тэд үүнд хариуцлага хүлээх учиртай.
Уяачид хаврын морин уралдааныг үндэсний соёл, ёс уламжлал нэрээр халхавчилж, өөрсдийгөө өмгөөлж хамгаалдаг. Гэтэл Монгол Улсын Үндэсний архивын газар хадгалагдсан мэдээг шүүж үзэхэд хавар морин уралдаан зохион байгуулж байсан уламжлал байдаггүй гэдэг. Тиймээс хаврын уралдааныг бүр мөсөн болиулах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн амь нас үнэгүйдэж, хүлэг морио дээдэлсэн баячуудын хийрхэл хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ юм. Морио дээдэлдэггүй Монгол хүн байхгүй ч ирээдүй хойчийнхоо эрүүл мэнд, амь насаар тоглож суудгаа больцгооё эрхмүүдээ.
Одоо та бүхнийг Монгол төр ч "хазаарлаж" дийлэхгүй болжээ. Үнэхээр тэгж их хаврын хахирган цагаар морь мал уралдуулж бах таваа хангах гээд байгаа юм бол өөрсдийн хүүхдүүдээрээ энэ эрсдэлтэй алхамаа хийлгэ. Эцэст нь нэгэн судалгаанаас дурдахад хурдан морь унадаг хүүхдүүд ар гэрийн амжиргааны түвшин дунд ба дундаас доош байдаг нь тогтоогджээ.
Т.Болормаа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?