![]() |
-Статистикийн хорооноос гаргадаг Монгол Улсын нийгэм эдийн засгийн нэгдүгээр сарын тойм-
79.8 тэрбумын алдагдалтай байна
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ энэ оны эхний сарын байдлаар 335.2 тэрбум төг, зарлагаар эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 415.0 тэрбум болж, улсын нийт тэнцэл 79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Сийрүүлбэл, улсын нэгдсэн төсөв алдагдалтай гарсан нь тэнцлийн алдагдал өмнөх оны ,мөн үеийнхээс 67 тэрбумаар орлого өсөхөд орлого нь 5.2 хувиар буурч, зарлага 13.3 хувиар нэмэгдсэн дүн нь ийн нөлөөлжээ.
Төрөлт буурч, эндэгдэл өсжээ
Нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байгаа талаар мэдээлэл өгснийг бид дурдаж байна. Тэр дунд сайн мэдээлэл ч байсан, муу нь бас байлаа. Гэхдээ нэг их муу мэдээлэл байсан нь амаржсан эхийн тоо буурсан явдал буйг албан тоо баримтаас харж болохоор байна. Статистикийн газраас өгсөн мэдээллээр бол улсын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сард 6275 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 400 төрөлтөөр буурсан аж. Хүн амаа өсгөх гэж ядаж байгаа манай улсын хувьд энэ үнэхээр муу мэдээ. Эрх баригчид хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө, өгөхгүй гэж ялихгүй хэрүүл хийж сууж байх зуур төрөлт жилийн өмнөхөөс даруй 400-гаар буурсан тоо байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2016 оны 1 дүгээр сард 121 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3 хүүхэд буюу 2.5 хувиар өсч, 5 хүртэлх насандаа 140 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхэд буюу 0.7 хувиар буурсан байна.
Гадаад худалдаа 130 сая ам.долларын ашигтай гарлаа
Монгол Улс энэ оны нэгдүгээр сард дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 528.3 сая ам.доллар болоод байгаа талаар статистикчид хэлж байна. Тодруулбал, энэ оны эхний сард Монгол Улс 199.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор авчээ. Энэ нь импортын хэмжээ 48.2 сая ам.доллараар буюу 19.5 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сард 130 сая ам.долларын ашигтай гараад байгаа юм. Импортын бүтцийг харвал эрдэс бүтээгдэхүүний импорт 27.8 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 8.3 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 5.2 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү импортын талаас илүү хувийг буюу 53.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног, төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна. Үүнээс суудлын автомашины импорт өнгөрсөн оны мөн үеэс нэмэгджээ.
Банкуудын хадгаламж 24.9 хувиар буурчээ
Mөнгөний нийлүүлэлт 2016 оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төг болж, өмнөх сарынхаас 191.7 тэрбум төг буюу 1.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төг буюу 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2016 оны 1 дүгээр сарын эцэст 713.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төг буюу 1.0 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 18.6 тэрбум төг буюу 2.5 хувиар буурчээ. Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2016 оны нэгдүгээр сарын эцэст 1599.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 155.9 тэрбум төг буюу 8.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 530.1 тэрбум төг буюу 24.9 хувиар буурчээ.
Бага орлоготой өрхийн тоо эрс нэмэгджээ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сүүлийн 7 жилийн хамгийн бага төвшинд хүрээд байна. Эдийн засаг агшилттай байсан 2009 онд өрхийн орлого 1.6 хувиар нэмэгдэж байсан бол өндөр өсөлтийн жилүүдэд өрхийн орлого 20-40 хувиар нэмэгдэж байжээ. 2015 оны эцэст микро төвшинд өрхийн зарлага, орлогоосоо давж, хуримтлал үүсгэх боломж хумигдсан байна. Энэ болоод бусад хүчин зүйлээс үүдэж макро төвшинд эдийн засгийн бүтцэд нөлөөлж, хөрөнгийн хуримтлал өнгөрсөн онд 9 орчим хувиар буурчээ. Орлого буурахтай зэрэгцээд өрхүүд хэрэглээгээ танаж эхэлсэн байна. Тухайлбал сарын хэрэглээ нь 700 мянгыг давдаг өрхийн тоо буурсан байхад 700 мянгаас дооших хэрэглээтэй өрхүүдийн тоо бүлэг тус бүрт 1.4-3 хүртэлх хувиар нэмэгджээ. Нийт хэрэглээний 40 хувийг хүн амын хамгийн чинээлэг давхарга бүрдүүлсэн хэвээр байгаа ч сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс дээших өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 40 хувиар буурч, 36.8 мянга болсон байхад 300 мянга хүртэлх төгрөгийн орлоготой өрхийн тоо 33 хувиар нэмэгдэж, 135.5 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл 6 өрх тутмын нэг нь сард 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байгааг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.
Гэмт хэрэг буурчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний сард 2550 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 410 хэрэг буюу 13.9 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (196), хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг (75), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (60) зэрэг хэрэг буурсан нь голлон нөлөөлөв.
Ж.ЧИМЭГ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?