![]() |
Америк, Хятадын худалдааны төлөөлөгчид өчигдөр Вашингтонд худалдааны хэлэлцээгээ сэргээж, тохиролцоонд хүрэхээр оролдож эхлэв. Хэрэв дахиад гэрээ байгуулж чадахгүй бол хэдийн удаашраад буй дэлхийн эдийн засагт нэмэлт бэрхшээл үүсгэх нь гарцаагүй. АНУ энэ сарын 15-нд Хятадаас, 18-нд Европоос импортлох барааны тарифыг нэмэхээр төлөвлөсөн. Түүнчлэн хоёр тал 12 дугаар сараас харилцан тарифаа нэмэх бол Европын холбоо АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээгээ боловсруулж байна.
Bloomberg-ийн шинжээчдийн таамгаар дэлхийн хоёр их наяд ам.долларын өртөгтэй худалдааны эргэлтэд протекционизмын аюул тулгарч, худалдааг саатуулснаар бизнес болон эрэлтийг дарах болгоомжлол бий болжээ. Хятадын эдийн засаг худалдааны дайнтай дайнгүй удааширч байгаа. Гэтэл 18 сар үргэлжилсэн сөргөлдөөн бусад амин чухал бүс рүү нэвтэрч эхэлсэн. Тухайлбал, технологи, төрийн татаас, хүний эрх, Тайвань ба Хонконгийн эсэргүүцэл гэх мэт. Түүнчлэн Хятадын экспортын эрэлтийг бууруулж, бизнесийн итгэлийг сулруулснаас гадна хөрөнгө оруулалтад тушаа болсон.
Харилцан тарифаар дайтсанаас Хятадын экспорт оны эхний найман сард есөн хувь буурсан бол АНУ-аас авах импорт 28 хувиар унажээ. Хятадын нийт экспортын хэмжээ багасаагүй нь экспортлох өөр газруудыг олох боломжтойг харуулж байгаа боловч импорт таван хувь доошилсон нь дотоодын эрэлт унаж, бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлснийг илтгэнэ. Тодорхойгүй байдал Хятадын компаниудад хохирол учруулж, бизнесийн идэвх сулрахын зэрэгцээ сүүлийн 18 сард экспортын захиалга буурлаа.
Хятад, Америкийн худалдааны зөрчил дэлхийн эдийн засгийн дан ганц эрсдэл бус юм. Брексит хийгээд АНУ болон ЕХ-ны хооронд үүссэн машины экспорт, аж үйлдвэрийн татаасын маргаан мөн худалдааны эргэлтэд цохилт болж магадгүй. АНУ Европын виски, Франц дарс, бяслаг, онгоц болон бусад бүтээгдэхүүнд тариф ногдуулсан нь ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх товтой. ЕХ-ны удирдлага ийм зүйл болохгүй гэж найдаж байгаа хэдий ч хариу арга хэмжээ бэлтгэж байгаа юм. Энэ зөрчил болон гэрээгүй Брексит Европын өсөлтийг хойш татах агаад Германы үйлчилгээний салбарт хямрал мэдрэгдэж эхэлсний дээр евро бүсэд үйлдвэрлэл буурах төлөвтэй байна.
Дэлхийн удаашрал, худалдааны зөрчил АНУ-ын эдийн засгийн эсрэг ажиллаж байгаа нь мэдээж. Оны эхний хоёр улиралд үйлдвэрлэлийн гарц буурч, сүүлийн өгөгдлөөс үзэхэд компаниуд капитал зардлаа танаж байгаа учир уг үзүүлэлт цаашид ч сулрах төлөвтэй байна. Үүний сацуу АНУ-ын өсөлт дунджаас дээгүүр байгаа нь өрхийн зарцуулалт тогтвортой, ажилгүйдэл 50 жилийн доод түвшинд ирснээс шалтгаалж буй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?