| |
Бүхэл бүтэн гурван сар Монголын төрийг цаашлаад нийт ард түмнийг талцуулсан Өршөөлийн хууль өчигдөр эцэслэгдлээ. Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр,
• Хээл хахууль авсан
• Төрийн албан тушаалтын албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан
• Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
• Хууль бусаар хөрөнгөжих
• Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн, дээрх хэрэгт шалгагдаж байгаа болон яллагдсан иргэдийг өршөөхгүй байх өөрчлөлтийг оруулсан.
Харин бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг өршөөх нь зүйтэй гэдэг саналыг олонхи гишүүн дэмжсэн. УИХ-ын дарга З.Энхболд "Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг онцлон сануулъя” гэсэн. Энэхүү өршөөлийн хууль гурван жил дуншиж, эцэст нь гурван сар хэрүүлийн алим болсоор ийн төрсөн хэрэг. Хэдийгээр Өршөөлийн хуульд авлигачид хамаарахгүй болсон нь сайн ч, бусдын эд хөрөнгө тухайлбал байр орон сууц, машин газрыг нь луйвардсан этгээдүүд өршөөгдөх нь жаахан тиймхэн. Түүнээс бусдаар бол гайгүй болчихлоо гэлцэнэ.
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярыг өршөөлийн хуульд хамруулахаар уг хуулийн төслийг түүний намынхан хэдэн жил зүтгүүлсэн.
Мөн өнгөрсөн 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн тухай хуульд ч ийм заалт байсан. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараахан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Цог нарын 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилж байсан. Анх санаачилж байх үеэс л эхлээд энэ хуулийн цаана далд ашиг сонирхол явсан. Уг хуулийн төслийг гурван жил хэлэлцээгүй байж гэнэт баталсан нь асар их хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан билээ.
Уг хуулийг батлагдмагц Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихаа зарлан улмаар хориг тавьсан билээ. Түүнээс болж улстөрийн хүрээнийхний хэн нь хэн бэ гэдэг нь тодорсон ч гэж болно. Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 9 дүгээр сард мөн л ээлжит бус чуулганаар хэлэлцэн УИХ хүлээн авсан. Ингээд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдэн шийдэгдсэн нь энэ.
Гэнэт гарч ирэн УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдаад олон сар сунжирсан өршөөлийн хуультай холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Эхнийх нь мэдээж уг хуулийг яагаад гэнэт гаргаж ирээд зүтгүүлээд батлав гэсэн асуудал. Мөн энэ хуулиар авлигачдыг өршөөхгүй гэдэг асуудлуудын шийдлүүдийн цаад руу бага зэрэг өнгийж харах хэрэгтэй байх.
Р.Гончигдорж Н.Энхбаяртай Улаан-Үдэд уулзсанаас өршөөлийн хууль хурдаа авсан уу
УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж, түүгээр Өршөөлийн хууль ороод батлагдсаны дараа ийм яриа дэгдсэн. УИХ-ын дэд дарга, АН-ын гишүүн Р.Гончигдорж өнгөрсөн зуны эхээр хойд хөршийн Улаан-Үд хот, Иволгын дацан дахь Итгэлт хамбыг зориод ирсэн байдаг. Яг тэр үеэр нь БНСУ-д эмчлүүлж, амьдарч байсан экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр бас тэнд явж таарсан.
Ингээд 1996-2000 оны хооронд АХ эвслийн дөрвөн Засгийн газрыг солиход гар нийлэн зүтгэж явсан хоёрын хооронд яриа тохироо явсан бололтой байдаг. Учир нь Р.Гончигдоржийг Монголд ирсний дараа АН-ын Гүйцэтгэх Зөвлөл тухайн үед Засгийн газарт байсан МАН-ын зургаан сайдыг хөөх тухай тогтоол гаргаж, УИХ дахь намын бүлэгтээ, Ерөнхий сайддаа хүргүүлсэн.
Энэ сцен ч амжилттай болж, УИХ-ын ээлжит бус чуулган зарлан байж, МАН-ын зургаан сайдыг хөөгөөд "Шударга ёс”-той "хамтарсан шиг хамтрав”. Энэ сацуу Өршөөлийн хууль ч батлагдаж Н.Энхбаяр Засгийн газраа эмхлэхэд нь туслахаар Монголд ирлээ. Үүнд нэг хэсэг хүмүүс баярлаж байхад нэлээд хэсэг нь эгдүүцэж байлаа. Үүний үр дүнд Өршөөлийн хуульд орсон авилгачдыг өршөөх тухай заалтууд олон сарын хэрүүлийн эцэст цуцлагдлаа.
Н.Энхбаярын намын болон түүний байгуулсан эвслийн нөхдүүд, АН дахь түүний эртний хамтрагч анд нөхдүүд хичнээн яаж хичээгээд, удаа дараа завсарлага аваад ч түүнийг өршөөлд хамруулж чадсангүй. Өчигдөр батлагдсан хуулиар 150.3-ыг өршөөхөөр болов. Уг нь энэ зүйл ангиар МАХН-ын дарга Н.Энхбаяр ял авч байлаа. Гэхдээ ялын хугацаа дууссан учир Өршөөлийн хуулийн энэ зүйл анги түүнд ашиггүй.
Мөн түүнд эдүгээ АТГ-аас МАХН-ын байртай холбоотой асуудлаар дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дэх хэсгийг Өршөөлд хамааруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр Н.Энхбаярт Өршөөлийн хууль үйлчлэхгүй учир тэр Засгаар оролдоно гэлцэж байна. Үнэхээр Н.Энхбаяр уг асуудалд ингэтлээ ач холбогдол өгсөн хүн зүгээр өнгөрөөхөд хэцүү л байх болов уу.
Тиймээс тэрбээр Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхэд хүргэх болов уу. Түүний удирддаг эвслийн гишүүн Г.Уянгын албан бланк дээрх Ч.Сайханбилэгийг огцруулах саналд 19 гишүүн болоход хоёр гуравхан гишүүний гарын үсэг дутуу байгаа гэгдэж буй. Одоо дутуу гарын үсэг дүүрч УИХ-д өргөн баригдах эсэх түүнтэй холбогдож болох юм. Мөн Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулах асуудлаас гадна УИХ-ыг тараах асуудлаар ч санаачилга гаргаж болохыг үгүйсгэхэд хэцүү юм.
Г.СамбааЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?