| |
Маргааш буюу Лхагва гаригт цэцэрлэгийн цахим элсэлт албан ёсоор эхлэх гэж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах 2 настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц "цахим элсэлт”,"цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.
Цэцэрлэгийн цахим бүртгэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ.
Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.
"Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 8 дугаар сарын 24-ны баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах юм.
Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах байдлаар баталгаажуулна.
Цахим системд нэвтэрч бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 7 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэс, 2018 оны 8 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэх болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Эцэг эх, асран халамжлагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх ёстой юм.
Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.
Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?