| |
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ёстой л долоон булчирхайгаа тоочив. Алдарт "Нүүрс” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн, улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирлыг хэрхэн "учруулсан”, АТГ-т яаж байцаагдсан зэргээр олны анхаарлыг татсан болгонд хариулт өгчээ. Түүний хариултуудыг ерөнхийд нь өөрийгөө өмгөөлсөн өнгө аястай гэж харж болно. Товчхондоо Л.Гансүх арьсаа хамгаалж гэж хэлж болохоор. Гэхдээ ухаж үзвэл бас өөр зүйлийн талаар бодогдоно. Үүнийг энгийнээр тайлбарлах гэж оролдъё.
Эхлээд Л.Гансүхийг хэвлэлээр яллажээ. "Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх оргон зайлжээ” гэх мэдээлэл хэвлэл бүхний өнгөрсөн оны тавдугаар сарын эхээрх дугаарт байна. Түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн учраас эх орноосоо зугтаж гарсан гэнэ. Шалтгаан нь тэр охин Г.Цэрэнжагзангийхаа удирддаг "Эм Жи Эл Эс Би” компанид ямар ч шалгуургүйгээр давуу эрх олгож, нүүрс тараалгасан. Ингэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулж, өөртөө асар их ашиг олжээ. Ингэж түүнийг онц ноцтой гэмт хэрэгтэн болгон "харагдуулаад” зогсохгүй оргон зайлсан давхар "ялтан” болгож. Гэвч тэр эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгост эмчилгээ хийлгэчихээд эргээд ирж.
Харин ирэнгүүт нь хэвлэлээр гарсан мэдээлэлд тулгуурлан АТГ-аас байцааж эхэлсэн байна. Хэвлэлд гарсан мэдээлэл АТГ-ын байцаагчийн асуулт болсон нь дараагийн хачирхал. Л.Гансүх гэх хүнийг нийгэм даяар гэмт хэрэгтэн гэдгийг зарлаж, олон нийтээр яллуулчихаад, идэх нь л дутуу бэлэн гоймон дээр АТГ-ынхан ажилласан гэсэн үг. Ингэхдээ эхлээд гэрч, дараа нь гэмт хэргийн сэжигтэн болгож байцааж, бүр цагдан хорьсон. Шалтгааны талаар Л.Гансүх дэлгэрэнгүй ярьсан учраас энд нуршсангүй. Гэхдээ АТГ-ынхан ганцхан шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж, ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Дараагийн нэг асуулт. Л.Гансүхэд одоо ч ял төлөвлөөд байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалт. Эрүүгийн хуулийн 150.3-аар бол тэр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцаж байгаад завшиж үрэгдүүлэн бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулжээ. Үүнийг учир мэддэг хүмүүс гайхаж, зарим нь олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо ч илэрхийлсэн байна лээ. Тухайлбал хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл "Эрүүгийн хуулийн 150-р зүйл яаж ч бодсон улс төрийн албан тушаалтанд наалдахгүй л дээ. Социализмын үеийн няравын зүйл анги” хэмээн жиргэжээ. Тэгэхээр Л.Гансүх Ерөнхий сайдын зөвлөх бус няравыг нь хийж байгаад улсын хөрөнгийг шамшигдуулсан болж таарах нь. Ял төлөвлөөд байгаа өөр нэг зүйл анги болох Эрүүгийн хуулийн 263.2-ыг бол түүнд нялзааж болно. Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэн албаа ашиглаж, хохирол учруулсан гэж хардахыг болохгүй гэх газаргүй. Гэхдээ тэр албан бичгээс цааш хэтрэх гарын үсгийн мэдэлгүйбайснаа мөн л ярьсан байна.
Бодох өөр нэг зүйл. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тойрон хүрээлэгчдийг нь оролдож, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн байж болно. Танхимын сайд нараас нь эхлээд охиныг хүртэл элдвээр бооролсон. Тэр хүмүүсийн дотроос хамгийн "азгүй” нь Л.Гансүх болж "аав”-ынд хүртэл сууж. Тэгвэл одоо Н.Алтанхуяг гэх хүн Ерөнхий сайд асан болсон. Аль хэдийнэ огцордгоо огцорч, улайран дайрч байсан хүмүүсийн хүсэл биелсэн. Тэгвэл Н.Алтанхуяг огцорчихоод байхад Л.Гансүхийг заавал яллах гээд байгаагийн шалтгаан юу вэ?
Энд нэг л тайлбар хийж болно. АТГ гэх бүхнийг айлгадаг байгууллагын нэр сүлдэд муу учраас эхэлсэн ажлаа дуусгах гэж улайрч буй. Мөрдлөгөө үнэн гэдгийг батлахын тулд няравын зүйл ангиар ч хамаагүй ял өгч, шийдвэрлэсэн хэргийнхээ тоог нэгээр нэмэх. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтны булхайг дэлгэж, шалгаж, цээрлүүлсэн нэр алдар нь хаачихав хэмээн зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Товчхондоо АТГ хиймлээр хэрэг зохиож, хилсээр ял тулгадаг жаяг тогтоож магадгүй нь. Ингэхдээ эхлээд хэвлэлээр зарлаж, олон нийтээр цоллуулж, эцэст нь шалгаж, барьж хорьдог тактикаар ажилладаг болоод байна. Л.Гансүхийг ч энэ замаар тойруулсангүй, дайруулчихлаа.
В.Хэрлэн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?