| |
Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, түүхч, судлаач эрдэмтдийн төлөөлөл, лам, хувраг, төр, шашны зүтгэлтнүүд оролцлоо.
Нээлтийн ёслолын өмнө Богд хаант Монгол Улсын сүлд дуулал "Зуун лангийн жороо луус” дуугаар уртын дууч Х.Бямбасүрэн, морин хуурч, СТА Алтанбат нар ая дууны мялаалга өргөв. Үүний дараа Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд анхдугаар Богд Өндөр гэгээний "Жанлавцогзол” номыг айлтгалаа. Энэ нь Монголын ард түмний заяа буянг тэгшилж, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайтад хурдаг ном юм.
Тус үзэсгэлэнд "Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба” үзэсгэлэнд Богд Жавзандамба хутагт хийгээд Эх дагина Дондогдулам нарын өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургууд, өмсч эдэлж байсан эд зүйлс, гутал, малгай, дээл, хантааз, хамжаар, эрих, хөөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн байна.
Эдгээрийн дотор Дондогдулам хатны 30 гаруй настай үеийн гэрэл зурагт ноён хүний отго жинстэй хилэн малгай, хөлтэй магнаг ёст дээл, хээтэй хантааз, өмсөж, Манжийн Энх-Амгалан хаанаас анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн сэнтий дээр баруун гартаа эрих барин сууж байгаагаар татуулжээ.
Энэ зураг нь 1903 оны үед Дондогдулам хатан Эрдэнэцэцэн ноён цол хүртсэн үеийн зураг ажээ.
Мөн Дондогдулам хатны Богдын хатан болохоос өмнөх залуухан үеийн хоёр гэрэл зураг байгаа нь өмнө дэлгэгдэж байгаагүй зураг юм байна.
Богд хаан, Эх дагинын түүхийг өгүүлэх үзэсгэлэн ийнхүү үйл ажиллагаагаа эхэллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?