| |
Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн байгуулах талаар ярилцаж, тохироогоо хийх гээд наадмын халуун өдрүүдэд ч завгүй байсан сурагтай. Шинэ засгийн бүтэцтэй зэрэгцээд аймгуудын Засаг ноёдыг томилох, орон нутгийн ИТХ-ын дарга нарыг сонгох зэрэг асуудлыг эрх баригч нам шуурхайлж эхэлжээ. Яг энэ асуудлаар МАН-ынхан Удирдах зөвлөлөө өчигдөр Төрийн ордонд хуралдуулсан юм.
Одоогоор хэд хэдэн аймгийн Засаг дарга нарыг батламжлаад байна. Тухайлбал, энэ сарын 7-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, зарим аймгийн удирдлагыг тодруулсан. Уг хуралдаанаас Өвөрхангай, Увс, Дорноговь, Говьсүмбэр аймгийн удирдлагыг сонгож ИТХ-аар хэлэлцүүлэн, батлуулах чиглэл өгсөн байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндэсний их баяр наадмын өмнө анхны захирамжаа гаргаж Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг дарга нарыг томилсон. Дээрх аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшин нарыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Г.Батсуурь нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар сонгогдсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг батламжлаагүй. Гэхдээ 2015 онд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Мөн аймгийн МАН-ын хорооны даргын сонгуулийг албыг хашиж байв. Т.Энхтүвшингийн хувьд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргын алба хашиж байсан.Өнгөрсөн жилээс аймгийнхаа МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллажээ. Ерөнхий сайдын батламжилсан дараагийн хүн бол Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан. Д.Батсайхан нь 2004-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оноос аймгийн МАН-ын хорооны даргын сонгуульт албыг хашиж эхэлсэн байна.
Аймгийн намын хорооны дарга Засаг дарга болдог зарчмын дагуу МАН-ынхан ч энэ удаад томилгоогоо хийж байна. Өчигдөр хэд хэдэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болох товтой байсан ч зарим нь хойшлогдсон. Орхон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болж аймгийн Засаг даргаар Д.Батлутыг дэмжиж Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Мөн Хэнтий аймгийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг томилсон байна.
МАН-ын Удирдах зөвлөл долоо хоногийн өмнөөс хуралдаж, аймаг орон нутгийн томилгооны талаар ярилцаж эхэлсэн. Гэхдээ орон нутгийн намын хороодод маргаантай байгаа аймгуудаас бусдыг нь урьдчилсан байдлаар тодруулсан гэж болно. Тухайлбал, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн намын хороод маргаантай байгаа тул Засаг даргын томилгооны асуудал тодорхой бус байна.
Харин Архангай аймгийн Засаг даргад Ц.Мөнхнасан, Баянхонгорт Г.Батжаргал, Булганд М.Ариунболд, Дорнодод М.Бадамсүрэн, Сэлэнгэд Ш.Оргил, Хөвсгөлд Л.Ганболд, Завханд Д.Батсайхан, Дундговьд О.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхчулуун нарын нэр хэлэлцэгдэж байна. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргад аймгийн намын хорооны дэд дарга А.Гиламхан, Ш.Хавал нар өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл бий.
Дашрамд дурдахад, МАН-ынхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолд оролцохоор ирэх пүрэв гаригт явна.Үүнээс өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа бололтой.
Эх сурвалж: Д.ГЭРЭЛ "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?