| |
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин : Тэд одоо Украинд юу хийж буйг, юу хийхээр завдаж байгааг ойлгож байна уу? Тэдний хийх гэж буй зүйл манай хилээс мянган км-ын цаана биш. Харин яг манай гэрийн довжоон дээр байгаа юм. Хэрэв АНУ, НАТО хоёр Украинд пуужингуудаа авчирч байрлуулах юм бол тэдгээр пуужин нь Москва руу ердөө 7-10 минутанд л нисэж ирэх аюултай. Харин дуунаас хурдан пуужингууд нь 5 хүрэхгүй хугацаанд ирэх болно.
АНУ-ын зөвлөхүүд Оросын засгийн газар ажиллаж байсан. Тагнуулын төв газрын офицерууд нь манай төрд зөвлөгөө өгч байсан. Тийм хэрнээ манай Умард Кавказад салан тусгаарлах явуулга хийх шаардлага тэдэнд юу байсан юм бэ? Бүр Айсисыг зохион байгуулаад шүү.
АНУ одоогоор дуунаас хурдан пуужингүй. Хэзээ тийм пуужинтай болохыг нь бид мэднэ. Биднээс тэд нууж чадахгүй. Тэдний туршилт амжилттай болж байна уу үгүй юу гэдгийг нь бид цөмийг нь хянаад байж байна. Багцаагаар хэзээ тийм зэвсэгтэй болохыг нь ч бид гадарлаж байна. Тийм зэвсэгтэй болбол АНУ түүнийгээ Украинд байрлуулах болно. Тэр зэвсгээ шууд бидний эсрэг ашиглахгүй. Харин хөрш орнуудын маань хэт даврагчдыг түүгээрээ зэвсэглэнэ. Түүнчлэн тэр зэвсгээ Крымийн эсрэг ашиглах болно.
АНУ энэ далд хорон санаагаа биднийг олж харахгүй байна гэж бодоод байгаа юм байх даа. Аль эсвэл Орос Улс руу заналхийлж байхад нь бид юу ч хийж чадахгүй хулчийгаад, дальдчаад байж байх болно гэж бодож байгаа юм уу. Тэд их том андуурч байна. Орос Улс хэзээч Америк болон бусад улсаас айхгүй, айж ч байгаагүй.
Энэ л хамгийн гол асуудал байгаа юм. Бидэнд одоо арагшаа ухрах зам байхгүй. Асуудал үүнд байна. Бид зэвсэгт мөргөлдөөн болоосой, цус урсаасай гэж хүсэхгүй байна. Байдал тэгж өрнөхийг бид хүсэхгүй байна. Энэ бидний сонголт биш. Бид асуудлыг гагцахүү улс төр, дипломат арга замаар л шийдэхийг хүсэж байна. Тэд гагцахүү маш ойлгомжтой, тодорхой, ил тод өгүүлсэн баталгаа л өгөх хэрэгтэй. Бид тийм л зүйл шаардаж байна. Энэ шаардлагаа ч бид цаасан дээр бичээд Брюссель, Вашингтон руу явуулсан.
Уг шаардлагуудад маань тодорхой, цогц хариулт өгөх байх гэж бид найдаж байна. Барууны түншүүд маань дэмжиж магадгүй гэсэн зарим нэг дохио бий. Гэхдээ бас зүгээр л хий яриад өнгөрөх эрсдэл бас бий. Манай саналыг дундаа хийгээд хаяж ч мэднэ. Тэгж асуудлыг гацааснаа тэр зуураа тэд өөрсдөө хүссэн бүхнээ хийнэ. Тийм болохоор бид юу хийх гээд байгааг чинь бид мэдэж байна. Тэр зүйлийг чинь бид таашаахгүй гэдгээ маш тодорхой хэлж байна. Бид эдгээр асуудлыг тодорхой хугацааны дотор, үр бүтээлтэй ярьж шийдвэрлэх хэрэгтэй юм.
АНУ одоо Европт болж буй бүхэнд биднийг буруутгаж, бид л байдлыг хурцатгаад байгаа мэтээр тайлбарлаж байна. Гэтэл бүх зүйл уг нь тэднээс өөрсдөөс нь болж байна. Тэдний хийсэн алхам бүрийн хариуд Орос Улс хариу үйлдэл үзүүлэхэд байдал аяндаа муудах болно. Цаг ямагт байдал хүндэрч байна. Үүнээс болоод бид одоо асуудлыг шийдэхээс аргагүй байдалд орж байна. Барууны нөхөд маань энэхүү түрэмгий байр сууриа үргэлжлүүлсээр байх аваас бид цэрэг-техникийн хариу арга хэмжээ авна. Тэдний нөхөрсөг бус алхмуудын эсрэг хатуу хариу өгнө гэдгээ тодорхой илэрхийлсэн. Бид тэгэх бүрэн эрхтэй гэдгийг би энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Яахав нөхөд гээд хэлчихье л дээ. Манай барууны нөхөд болон АНУ өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хилээс олон мянган км-ын цаана байгаа газар ашиг сонирхлоо хамгаална гэж ажилласан. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа ажиллаж байсан. Югославыг (Серби) тэд яах гэж бөмбөгдсөн юм бэ? Бөмбөгдөх эрх НҮБ тэдэнд өгөөгүй шүү дээ. Югослав хаана байна тэнд АНУ хаана байдаг.
Тэд тэр улсыг устгасан. Тийм ээ, Югослав дотроо зөрчилтэй, өөрсдийн гэсэн асуудалтай байсан. Гэлээ ч хэн АНУ-д Европын нэг улсын нийслэлд агаарын цохилт өгөх эрх өгсөн юм бэ? Хэн ч өгөөгүй. Тэд зүгээр л бөмбөгдчихье гэж шийдсэн. Дагуул холбоотнууд нь үг дуугүй дагасан. Тийм юм хийчихээд олон улсын эрх зүй ярих ямар ч эрх Америкт байхгүй.
АНУ яг ямар шалтгаанаар Ирак руу дайрлаа? Үй олноор хөнөөх зэвсэг Ирак бүтээж байна гэл үү? Тэд тийшээ дайрсан. АНУ Ирак Улсыг устгасан. Олон улсын террористуудын үүр тэнд үүсгэсэн. Тэгсэн сүүлд нь "Манайхан алдчихжээ. Манай тагнуулууд буруу мэдээлэл өгсөн байна” гээд л өнгөрсөн. Гайхмаар! Бүхэл бүтэн улсыг сүйрүүлж, устгачихаад хэлж байгаа тайлбар нь ердөө л тэр. "Тагнуулын буруу мэдээлэл байж” гээд л болоо. Ингээд л хийсэн зүйлээ зөвтгөчихнө. Иракт ямар ч үй олноор хөнөөх зэвсэг байгаагүй. Харин ч эсрэгээр нь Иракийг сөнөөх ажиллагаагаа тэд төлөвлөгөөнийхөө дагуу л АНУ хийсэн.
Мөн АНУ Сири лүү бас яах гэж орсон бэ? НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөл өгсөн үү? бас л үгүй. Тэд дураараа аашилсан. Тэр арга барилаа одоо Украинд хэрэглэхийг оролдож байна. Энэ бүхэн одоо манай хилээс олон мянган км-ийн цаана биш. Харин манай гэрийн үүдэн дээр, довжоон дээр болж байна. Бидэнд одоо ухрах газар байхгүй гэдгийг тэд одоо ойлгох ёстой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
http://tatap.mn/19734.htmlЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?