| |
Алба амины аливаа ажлаар хөдөө орон нутагт малчин ардынхаа гэр өргөөнд бууж, саатаж явахад сая төхөөрсөн хонины гэдэс чанаж буйтай санаандгүй таарахад ихэд бэлгэшээн "халуун шунх амсаад явбал хамаг үйлс бүтнэ” гэхчлэн уран сэцэн үгсийг урсгаж тогооноосоо түрүүчлэн гаргаж, таваглан дайлдаг сан. Яаж яарч явсан ч түүнээс нь ганц гогцоо зайдас амсаад явахад зорьсон хэрэг санасан ёсоор бүтдэг гэлцдэг. Энэ сайхан ёс заншлын чанад утга учир юунд буй хэмээн эргэцүүлж бодоход олонтоо хүргэсэн бөгөөд эн тэргүүнээ бидний өдөр тутмын яриандаа олонхдоо "цус” гэж хэлээд байгаа тэр зүйлийг эерүүлэн нэрлэдэг олон нэр цол байдаг билээ. Захаас нь аваад өгүүлэхэд "цус нөж” гэвэл хараал ширээлийн утга нь болчих тул зарим нутагт "ул” хэмээн нэрлэдэг нь өнгөөр нь төлөөлүүлсэн нэрийдэл буюу "улаан” гэдгийн язгуур болох нь тодорхой. Харин олон монгол угсаатанд эрхэм хүндэтгэлтэй зоог идээний дээж болгон "шүүс” хэмээн нэрийдэх ёсон буй. Энэ үг нь угтаа бүхий л улаан идээний нийдэм хүндэтгэлтэй нэр нь болдог. Гэтэл чухамдаа хүмүүн, амьтны биед хэрцэлдэн сүлжих амин улаан урсгалыг бас л өнгөөр нь төлөөлүүлэн "шунх” хэмээн хүндэтгэн эерүүлж нэрлэдэг нь тодорхой байна. Хүмүүний биеийн аль нэг эрхтнээс шүүс гарч байхад ялангуяа эцэг, эх, багш дээдэс хүмүүний тухайтад "шунхалж байна”, "шунх гарав” гэхчлэн хэлэлцдэг байжээ. Тэр ч атугай эрдэнэт мал сүргийнхээ гэдэс дотроор хийсэн улаан идээний зүйлийг "шунх”, "халуун шунх” гэхчлэн эерүүлэн нэрлэдэг нь манай хөдөө нутагт өдгөө ч гэсэн байсаар байна. Хүмүүн биед хэрцэлдэн эргэгч шунхын урсгал бол амь амьдралын эхлэл-амин улаан шим болохын хувьдаа нэн өлзий бэлгэдэлтэй бөгөөд түүгээр дамжин өвөг дээдсийн сайн муу удам, уг ширэг нь үеийн үед дамжиж явдаг гэсэн үг. Иймд шунх бол эхлэл мөн. Өөрөөр хэлбэл шунх бол өөрөө бодит мэдээллийн сан төдийгүй, хийсвэр санааны дамжлага, уг гарваль, унги шүтээний агуулагч нь болж байна гэсэн үг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?