| |
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Санаатай, санаандгүйн алин болохыг бүү мэд, ямар боловч сошиалаар ч энэ сэдвийг сэвж харагдах юм. Гэхдээ ШХАБ-д орох эсэхийг УИХ эцэслэн шийдэх бөгөөд олон нийтийн дунд элсэх шаардлагагүй гэх хандлага жин дарж буй бололтой. Үүнийгээ хурц содон хэлбэрээр илэрхийлэх нь ч байна, аядуу зөөлнөөр тайлбарлах нь ч байна. Тухайлбал нийтлэлч Баабар ШХАБ-ын асуудлаар өөрийн твиттер дэх хуудсаараа "Монголчуудын өөрийнх нь хүсэлт өргөдлийн дагуу 1919 онд Сю Шүжаны 15 мянган хятад цэрэг орж ирж автономыг устган Монголыг төргүй болгож, монгол гэдэг үг хэлэхийг хориглосон. Энэ жил 100 жил нь. "Түүх хоёр давтагддаг, эхнийх нь гамшиг дараагийнх нь эмгэнэл”. Ингэж Карл Марк хэлсэн” гэж нэлээд хурцхан жиргэсэн удаатай. Энэ бол нэг л өнцөг, бас тэр жирийн л иргэн. Түүнтэй ижил байр суурьтай хүн олон нийтийн сүлжээнд нэгээр тогтохгүй олон байна лээ. Мөн судлаачид, мэргэжлийн дипломатчид ч байр сууриа илэрхийлж байна. Харин эдгээр байр суурь дунд ноцтой гэж харж болох нэгэн мэдэгдлийг Засгийн газрыг төлөөлөх эрхтэй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хийсэн байх юм.
"Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага дотор мэргэжлийн дипломатч байтугай төрийн жирийн албан хаагч ч илэрхийлж үл болох өгүүлбэр байсныг тодотгоё. Тэрээр "Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтанд орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэж мэдэгдэв.
"Эх сурвалж: Гадаад харилцааны яам” гэсэн энэхүү ярилцлагаас үзвэл хөрш хоёр гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулах асуудлыг сөхөн тавьсан юм шиг ойлгогдож байна. Үгүй ядахнаа тийм болгоомжлол Монголын төрд байгааг илэрхийлчихсэн юм шиг өнгө аяс харагдаж байна.
Ийм ноцтой мэдэгдлийг Гадаад харилцааны дэд сайд хийсэн нь өөрөө гадна талд, тухайлбал хоёр хөрш оронд яаж харагдах бол? Бид дотроо бол яаж ч хэрэлдэж болно. 60 тэрбумынхнаараа, ЖДҮ-чнээрээ дуудалцаж болно. Харин гадагшаа бол нэг амтай, гадаад харилцаа нь "нэг цонх”-оор явах учиртай юм. Үе үеийн Гадаад харилцааны сайд нарын баримталж ирсэн бодлого ч ийм. Гэтэл Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдын энэхүү дэндсэн мэдэгдэл, амны алдаа нь хоёр хөрштэй харилцах харилцаанд, цаашлаад ШХАБ-ын асуудлаар ч олон улсад ямар дохио болж очих бол!?
Засгийн газрын тухай хуулиар Дэд сайдын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Салбарын сайдыг эзгүйд төлөөлөх эрх Дэд сайдад байх бөгөөд энэ эрхээ Б.Батцэцэг сайд хэрэгжүүлсэн гэж ойлгох уу. Тийм бол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ч ШХАБ-ын асуудлаар, тэр тусмаа хоёр хөрш орны асуудлаар "Эрхшээлдээ оруулах” тухай ярьж, бодож явдаг болж таарах нь. Цаашлаад энэ нь Монгол Улсын гадаад бодлого, хоёр хөршдөө хандах хандлага ч гэж уншигдах үндэслэлтэй.
Энэ нь хэрвээ дэд сайд Б.Батцэцэгийн хувийн бодол, өөрийн үзэл баримтлал бол тэр энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд нэн тэргүүнд тэнцэхгүй гэдгээ баталж байгаа юм. "Нэг цонх”-оор мэдээлж, "нэг ам”-аар ярих учиртай гадаад бодлого дээр амны алдаа хийх эрх энэ хүнд байхгүй. Үнэхээр л өөрийнх нь баримталж буй бодлого, байр суурь бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ижил байр суурьтай эсэхийг нь тодруулах ч шаардлагатай болох нь. Учир нь, Засгийн газрын тухай хуульд зааснаар "Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ” гэж заасан байдаг.
Одоогоор дэд сайд Б.Батцэцэг яг энэхүү тухайлсан асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай бодлогын зөрүүтэй гэдгээ илэрхийлээгүй, бас дээр нь Ерөнхий сайдад ч энэ тухайгаа уламжлаагүй гэхээр "Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтанд орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэсэн түүний байр суурь Монгол Улсын Засгийн газрынх юм шиг уншигдах болно. Цаашлаад Биднийг ШХАБ-тай, ШХАБ-гүйгээр эрхшээлдээ оруулах гээд байгаа учраас л Монгол Улс ШХАБ-д элсэх ёстой юм байна гэсэн байр суурь Засгийн газрынх юм байна гэж үзэхээр болчихлоо.
Амны ганц алдаа Монгол Улсын "амины” үнэтэй болох вий дээ, дэд сайд Б.Батцэцэг ээ.
Eagle.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?