| |
KFC сүлжээ түргэн хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж улмаар ХӨСҮТ-д эмчлүүлээд байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоон хоногт гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын явуулсан шалгалтаар "Таванбогд фүүдс” компанийн хүнсний бүтээгдэхүүний дээжээс шалгалт авахад хүнсний бүтээгдэхүүн болон ундны уснаас өвчин үүсгэгч нян илэрсэн тохиолдол гарчээ.
Улмаар НМХГ-ын лабораторийн шинжилгээ, клиник шинжилгээ, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээ, 4 өвчтөн болон хоол удирдлагын хэсгийн ажилтнуудаас авсан шинжилгээний дүнгээс үзэхэд шигелийн нян илэрсэн гэв.
Харин НМХГ-аас KFC-ийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор танилцууллаа.
Энэ тухай тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Таванбогд” компанийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон тохиолдол гарсан. Улмаар хяналт шалгалтыг зургаан өдрийн турш явуулснаар хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан.
Шалгалтаар тухайн Зайсан дах салбарын 28 ажилтаны эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг шалгахад арьсны эрүүл ахуйн шалгалтад хамрагдаагүй. Эрүүл мэндийн үзлэг дутуу болон баталгаажуулсан мэргэжлийн эмчийн гарын үсэггүй, тамга дарагдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Улмаар ажилтнуудыг эрүүл мэндийн нэгдсэн шалгалтад хамруулахад KFC Зайсан салбарын хоёр ажилтнаас цусан суулга өвчний халдвар илэрсэн байна. Ингэснээр тухайн байгууллагын ажилтнууд эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар хийж бичүүлсэн нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн түүнчлэн ажилчдын эрүүл мэндэд хяналт тавьдаггүй, хоол үйлдвэрлэлд ажиллагсад мэргэжлийн үнэмлэхгүй, дотооддоо сургаж ажиллуулсан ажилчид байсан нь тогтоогджээ.
Цусан суулга өвчин илэрсэн хоёр ажилтны нэг нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт зургаан жилийн турш ажиллаж байсан гэх бөгөөд тухайн ажилтанг энэ өвчний нян тээгч эсэхийг нарийвчилсан шинжилгээгээр тодруулна гэж мэдээлэв.
Мэргэжлийн хяналтын төв лабораторид KFC-гээс 133 дээж ирүүлснээс 6.7 хувь нь эрүүл ахуйн стандартад нийцээгүй буюу шаардлага хангаагүй. Ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Түүнчлэн нитратын бохирдол илэрсэн нь ус удаан хугацааны туршид бохирдолтой байсныг харуулж байна. Тахианы ясгүй махнаас нян илэрч, 39 арчдас шинжилгээгээр үүний гуравт нь нянгийн бохирдол илэрчээ.
НМХГ-ын мэргэжилтнүүдийн хэлснээр одоогоор Зайсан салбарын үйл ажиллагааг хаасан бөгөөд бусад KFC-ын 11 салбаруудыг энэ шинжилгээний дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж. Хоёрдугаар сарын 12-оос өнөөдрийг хүртэл 147 хүн өвчилснөөс 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна хэмээлээ.
Мөн өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Зайсан дахь KFC-ын салбарт гарсан зөрчлүүдээс үүдэн тус түргэн хоолны бүх салбаруудыг хаахаар болсон. Мөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгах ажиллагаа явуулахаар болсон” гэдгийг хэлж байсан юм.
FACT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?