| |
"Агваансамдангийн Сүхбат зодог тайлав. Хар бөөгийн ч зүүдэнд оромгүй явдалд цэнгэлдэх хүрээлэнд сууж буй арав, хорин мянган үзэгч гайхан алмайрч, алга таших бус элэг эмтэрч байлаа.
Уг нь ард түмний зохиосон агуу их билэг эрийн гурван наадмын тэнгэрт аянгын гялбаа, уянгын золбоо шиг орж ирсэн хүү юмсан.
Уг нь яруу найрагч бичээгүй шүлэг, ядуу ээж нь ичээгүй хүү юмсан.
Уг нь өгөө аваа нь өнгө дарсан наадмын торгон дэвжээнд өлзий утас шиг мэх сүлжиж, өлгийн бүс шиг бяр зангидаж явсан хүү юмсан.
... Их сайхан бөх зодог тайлахад ард түмний нүдэнд нь нулимс хурж, нүүрэн дээгүүр нь гуниг бэлчиж байдаг юм билээ. Хөөрхий миний өвгөдийн хацар зүсэж өнчин нулимс урсаа вий...” хэмээн болор цомын эзэн, төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат гуай "Зул задрах цаг” номондоо бичиж байв. Үнэхээр Монгол түмний агуу их цэнгэлийн манлай үндэсний бөхийн дэвжээнд "жижиг” Сүхбат хэмээн цоллуулж, үзэгчдийг суудлаас нь өндөлзтөл галтайхан барилдаж, цогтойхон гүйж, хийморьтойхон дэвж явдаг бор залуу хожим ард түмэнд өдий дайтай үгүйлэгдэж, төдий хэмжээнд хайрлагдах юм гэж хэн санах билээ. Түүнийг ид заан цолтой барилдаж байх үед дунд сургуулийн сурагч явсан би вээр "Бөх” сонинд гарсан зургийг нь хайчилж, гадаадын хамтлагуудын зурагтай тэмдгэн дээр наагаад саравчтай малгайндаа хадаад толгойноосоо салгахгүй өмсөж явдаг байж билээ.
Сургуулийн коридорт тэр малгайтайгаа явж байгаад захирал багшид малгайгаа унатал алгадуулж байснаа дурсахад сайхан л санагдаж байна. Хожим оюутан болсон хойно нутгийн нэгэн ах Цагаан сараар хүүгээ дагуулж орж ирээд "жижиг” Сүхбатын зурагтай тэр тэмдгийг ихэд хүндэтгэлтэйгээр надаас гуйж билээ. Бөхөд дуртай хүүгийнх нь малгайд би тэр тэмдгийг хатгаж өгсөн юм. Энэ мэтчилэн над мэт олон хүүхэд багачуудын хувьд "жижиг” Сүхбат шүтээн нь байсан юм. Хүүхдүүд хоорондоо барилдахдаа "жижиг” Сүхбат шиг гэж хэлүүлэхийн тулд уран барилдахыг хичээдэг байв. "Жижиг” Сүхбатыг түрүүлэхэд нь их баярлаж, унахад нь хоол, унд идэхэд ч хэцүү санагддаг байсан гэж хэлэхэд итгэхгүй хүн гарах л байх. Гэхдээ ганц би биш Монголчууд бөхөд ийм л их хайртай юм. Би вээр "зургаан залуу заан” гэж нэгэн үеийн сайхан залуу заануудын барилдааныг алдарт бөх тайлбарлагч Ш.Чанарав агсны тайлбартайгаар үзэж, Монгол бөхийн нэгэн цагийн үе дэх гайхалтай түүхийн амьд гэрчүүдийн нэг болж явснаараа одоо ихэд бахархах сэтгэл төрдөг билээ. А.Сүхбат аваргын төрийн наадмын эхний 2 түрүүг би их сонин байдалтай үзэж байв. 2000 оны наадмын бөхийн барилдааныг үзэх гэтэл сумын төвд ток байхгүй ганц боломжтой газар нь сумын холбоо байсан юм. Холбооны хүлээлгийн танхимд чихэлдэж сууж байгаад л үзсэн тэр наадам санаанаас ер гардаггүй юм.
Дараа жил буюу 2001 оны наадмын бөхийн барилдааныг үзэж байтал 6 даваанаас эхлээд холбоонд гэмтэл гараад дахиад л хясдаг байна. Сумын төвөөс ойролцоогоор 3 км-ийн зайд "Релей” гэж нэрлэдэг их том антентай ток, цахилгаан, холбоо харилцааг тогтвортой байлгах үүрэгтэй тэр газар луу л явах хэрэгтэй гэдгийг би мэдэж байв. Нар нэлээд гудайсан байхад "Релей”-д ажилладаг хүмүүсийн усыг зөөдөг трактор явж байхад нь би чиргүүл дээр нь гарч суугаад очиж бөхөө үзчихээд шөнө гэртээ ирж байж билээ. Бидний үеийнхнийг тэр үед бөхөд ийм их дуртай болгож байсан нэг том хүчин зүйл нь мөнөөх л "жижиг” Сүхбат байсан юм. "Жижиг” аваргыг зодог тайлаад дэвжээнээс адис аваад явахад би нулимсаа барьж үнэндээ дийлээгүй юм. Тэр наадмыг би хөдөө байдаг найзындаа үзэж байсан. Зодог тайлж байгааг нь мэдээд гарч гэрийн сүүдэрт жаал уйлж билээ. Цээжин дээр нэг хар юм тээглэчихээд дахиад наадам хэзээ ч болохгүй юм шиг, дахиад хэзээ ч бөх барилдахгүй юм шиг санагдаад байсан даа. Наадам дуусгаад гэртээ ирэхэд аав маань "Өнөөдрөөс эхлээд Сүхбатгүй наадам л үзэх болох нь дээ” гэж хэлээд нэг их гүнзгий санаа алдахдаа их гунигтай харагдсансан. Ийм дүр зураг Монголын өнцөг булан бүрт харагдсан гэдэгт би итгэлтэй байна.
Тийм болохоор л Д.Төрбат гуай
"Их сайхан бөх зодог тайлахад ард түмний нүдэнд нь нулимс хурж, нүүрэн дээгүүр нь гуниг бэлчиж байдаг юм билээ” гэж бичиж байж дээ. Үнэхээр "жижиг” Сүхбатгүй наадам тийм хурдан, тийм байдалтайгаар ирэх юм гэж хэн ч санаагүй болохоор л тэр байх даа. Зарим хүн юун ч сүртэй юм билээ гэж бодож магадгүй ч Монгол бөх гэдэг агуу их соёлыг урлаг болгож харагдуулдаг байсан хүүгээ ард түмэн явуулахыг үнэхээр хүсээгүй нь үнэн юм. Энэ жил "жижиг” Сүхбаттай наадам болно. Санасан түмний уухай доор, саарь хэсгийнх нь адлал доор буян шингэсэн бор дээл, өнгө нь гандсан жанжин малгай, өрөөсөн тийш нь жайжийтал гишгэсэн хуучин Монгол гуталтайгаа өнөө муу "жижиг” Сүхбат наадамдаа зодоглоно.
Өнөөдөр та бидэнд энэ хүний амьдралын замналын алдаа, оноог шүүх эрх байхгүй. Гэм зэмийг бусадтай л адил үүрч, гишгэж байгаа газраа хэвтэж шингэдэг хорвоо шүү дээ.
Х.Отгонбаатар. 2015.06.23.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?