| |

УИХ-ын намрын чуулган түр завсарлаж, Төрийн ордон эзгүйрдэг өдрүүд үргэлжилж байна. Чуулганы завсарлагаанаар гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулан, иргэдийн санал, шүүмжийг сонсдог уламжлалтай.
Гишүүд тарж одсон энэ цаг үед өнгөрсөн чуулганаар хэн нь хэрхэн ажилласныг сонгогчид тунгааж буй. Тэдний идэвх, хариуцлагын "оноог” УИХ-ын Тамгын газраас нэгтгэн гаргасан. Энэ тайлангаас эрхэм 76 гишүүн анхны намрын чуулганаа хэрхэн үдсэн дүр зураг харагдана.
Хамгийн идэвхтэй, бас хамгийн "лавлаа” гишүүнээр О.Баасанхүү тодорчээ. Зөвхөн МАХН биш, гуравдагч хүчний төлөөлөл болж буй түүнд асуух, тодруулах, байр сууриа илэрхийлэх шаардлага их гардаг биз, аргагүй. Намрын чуулган нийт 166 цаг хуралдсаны бараг таван цагт нь О.Баасанхүү гишүүн асуулт тавьж, саналаа хэлсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, тэр нийт 74 удаа үг хэлж, 112 удаа асуулт тавьжээ. 34 удаагийн хуралдааны 31-т нь суусан, суух бүртээ л "ямар нэг юм” ярьж, асууж байсан гэсэн үг. Харин хэлсэн үг, тавьсан асуултын чанарыг энд шүүсэнгүй.
Үнэндээ УИХ-ын гишүүн ажлаасаа хоцордог, тасалдаг, бусдын өмнөөс товчлуур дардаг гэх мэт хариуцлагагүй үйлдэл 2004 оноос хойших парламенттай холбоотой. 1992-1996 оны буюу анхны парламентын гишүүд хариуцлагатай, ажилдаа яс ирдэг байж.
1996-2000 онд сөрөг хүчний гишүүд хурал хаядгаас ирц бүрдэхгүй, төрийн ажил гацдаг үе олон байсан. Мөн тэр үед манай улс Ерөнхий сайдаа хэдэнтээ сольсон гашуун түүх бий.
Гэвч зориудаар хурал хаядаг байснаас биш, ажлаасаа хоцрох, таслах хэнэггүй зан УИХ-ын гишүүдэд байсангүй. 2000-2004 онд тухайн үеийн МАХН 72 суудалтай, гишүүд бас ч гэж тулхтай, ичих булчирхайтай, дэгтэй байлаа. Энэ парламентыг Л.Энэбиш, С.Төмөр-Очир нар даргалсан юм.
Гэвч тэдний үед өргөж явсан парламентын түшээгийн нэр хүндийг үүнээс хойших эрхмүүд багагүй унагажээ. 2004-2008 оны парламент 36 суудал бүхий "Эх орон-Ардчилал” эвсэл, 37 суудалтай МАХН, БНН-ын Б.Жаргалсайхан, бие даагч Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нараас бүрдсэн. Харин 2014 оны сүүлчээр эвсэл задарч, Ц.Батаа, Р.Эрдэнэбүрэн нар Эх орон намаас МАХН-д орсон юм даг.
Ингээд МАХН 39 суудалтай буюу олонх болсон хэдий ч жижиг намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан түүх бий. Намаа сольсон Ц.Батаа өнөөдрийн ажил таслагчдын "загалмайлсан эцэг” байлаа. МАХН дангаараа ирцээ бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан нөхцөлд мань эрийг байгаа газраас нь олж авчирдаг байв шүү дээ.
Бусад үед тэрбээр тариалангийн талбайдаа л "жаргаж” явсан. Юун ард түмний төлөөлөл, тэдний эрхийн төлөө ажиллах, тийм ойлголт түүнд байгаагүй. Бас УИХ-ын дарга энэ он жилүүдэд гурван ч удаа солигдсон. УИХ-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдсон тул түүний орыг Ц.Нямдорж авсан юм.
Тэрбээр 2005-2007 онд уг албыг хашихдаа багагүй "бужигнуулсан”. Орондоо ч, ордондоо ч хууль засдаг нь илэрч, огцруулах асуудлыг парламент хэлэлцэж байлаа. Түүний оронд Д.Лүндээжанцан дарга болсноор парламентын бүрэн эрхийг дуусгасан юм. Энэ парламентад нэг ч хууль санаачилж үзээгүй хэдий ч чуулгандаа маш идэвхтэй суудаг, бараг үг хэлж "үзээгүй” 4-5 гишүүн байсан нь сонин.
2008-2012 онд З.Энхболд УИХ-ыг даргалсан. Гишүүдийн ирцийн мэдээ уруудаж, парламентын нэр хүнд унаж байсан үе. Бусдын өмнөөс товчлуур дарах үйлдэл бас гаарав. Хэвлэл мэдээллээр энэ тухай байнга шүүмжилж, сануулж эхэлсэн тул УИХ-ын дарга Дэгийн тухай хуульд гишүүдийн хурууны хээгээр ирц бүртгэх заалт оруулах гэж оролдсон.
Гэвч хуулийн төслийг өнөөх хариуцлагагүй гишүүд өөрсдөө батална. Тиймээс тэд санаачилгыг дор нь унагалгүй яах вэ. Энэ парламентад Б.Наранхүү хэмээх хоёр дахь Ц.Батаа тодорлоо. Тэр одоо ч энэ "рекордоо” хадгалсаар яваа. Байнга хоцордог, тэгэх ч ёстой мэт ойлгодог С.Дэмбэрэл гэх гишүүн бий болов. Бусдын өмнөөс товчлуур дарахыг хориглох гэж үзээд бас л барсангүй. Аль алинд нь хариуцлага тооцож барахгүй явсаар өнөөдөртэй золгох нь тэр.
Шинээр бүрдсэн парламентын 40 гишүүн нь анх удаа сонгогдсон. 30 гаруйхан настай залуу гишүүн нэлээд хэд бий. Тэд сайныг нь сураагүй атлаа ажил таслах, хоцрох, бусдын өмнөөс товчлуур дарах, хэнийг ч хамаагүй дагаж айлчлалын бүрэлдэхүүнд багтан "зугаалах” мэтэд чамгүй суралцаж байна.
Одоогийн спикер М.Энхболд хэдий шаардлага тавиад ч "хүчрэхгүй” л явна. Харин түүний эзгүйд нэг өдөр хурал даргалсан дэд дарга Ц.Нямдорж гишүүдийг дэгэнд нь оруулаад авсан. Хурлаас хоцорсон, тасалсан гишүүдийг нэр цохон дуудаж, "нөхөрсөг сануулга” өгөөд амжсан.
Нэр цохсоны хүчинд зарим залуу гишүүн гэмээ ухаарч, хурлын ирц эрс сайжирсан сурагтай. Намрын чуулганаар хамгийн ирц сайтай гишүүн нь Д.Тэрбишдагва байсан бол түүний дараа Ц.Нямдорж оржээ. Өөрөө хариуцлагатай учраас хэлсэн үг нь байгаа оносон хэрэг.
Тэгвэл үг хэлж, асуулт тавьснаараа Г.Занданшатар хоёрдугаар байранд орсон байна. Тэр 39 удаа 138 минут үг хэлсэн аж. 2004- 2008 оны парламентад байсан чимээгүй гишүүдийг энэ УИХ-д Г.Солтан, С.Батболд, Д.Мурат нар залгамжилсан байх юм. Ерөнхий сайд асан С.Батболд ярьсаар залхчихсан бололтой. Тэрбээр бүтэн чуулганы турш ганцхан, Д.Мурат хоёр удаа асуулт тавьжээ. Харин Г.Солтан дуугүй суусаар чуулганаа дуусгасан байна.
Мэдэхгүй байж буруу, зөв бурахын оронд чимээгүй сууж байсан нь мэдээж дээр. Гэхдээ бүхэл бүтэн нэг чуулган өнгөрөхөд ажилтайгаа танилцаж, учраа олж амжихгүй байна уу, эсвэл "Хэн нь хамгийн удаан дуугүй суух вэ” гэдэг тэмцээнд оролцоод байгаа юм уу. Ард түмний төлөөлөл болсон гишүүд үгээ хэлж, гүүр болж ажиллах үүргээ биелүүлэх л учиртай. Бас камер харахаараа "ямар ч хамаагүй нэг юм” ярих биш, хэлэх үг, тавих асуулт нь утга учиртай, сонгогчдод хэрэгтэй мэдээллий\г тодруулсан, ойлголт өгсөн байх нь зөв.
Мөн УИХ гишүүдийнхээ ирцийн мэдээг нэгтгэсэн болчихоод, хэвлэлийнхэн тэндээс нь хамгийн их тасалдаг "айргийн тав”-ыг тодруулсан болж шогшроод л асуудал дуусах учиргүй. Монгол Улсын хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстой. Тэр тусмаа хууль тогтоогчид түүнийг чанд мөрдөх үүрэгтэй. Тиймээс ажлаас хоцорсон, тасалсан, бусдын өмнөөс товчлуур дарсан хүмүүст хариуцлага хүлээлгэдэг хууль, тогтолцоотой болох нь зөв. Өөрсдөө тэрийгээ мөрдөх "зүрх хүрэхгүй” байвал дараагийн УИХ-аас хэрэгжүүлэхээр тавиад өг л дөө, ядахдаа.
Эх сурвалж:Unuudur.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

