| |
Жирийн иргэд төрийн үйлчилгээг авна гэдэг үнэндээ "алаан” болох юм. Юун "автобусанд сууна гэдэг чинь алаан байхгүй” гэж ярих бэ. Харин төрийн байгууллагаас иргэд өөртөө хэрэгтэй үйлчилгээгээ авна гэдэг чинь алаан байхгүй юу.
За тэгээд дээр нь бичиг баримт дутуу, "бижигхээн” алдаа байвал бас буруу гээд үл ялиг асуудлаар шалтаглаж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь энүүхэнд. Дээрээс нь төрийн алба хаагч нарын харилцааны доголдол, соёлгүй байдал зэрэг нь бүр нэг газар авсан гэж жигтэйхэн. Сайхан эелдэг харилцаатай алба хаагч гэж бараг байдаг юмуу. Уг нь иргэдийг хүндэлж угтаад инээгээд үдэх нь тэдний ажил үүрэг баймаар юмдаа. Гэтэл урдаас нь ярзалзаж, хялалзаж цэхэлзээд "балай эргүүгээрээр” нь дуудах нь юу ч биш. Яагаад жирийн иргэд тэр дундаа өвчин зовлондоо шаналж зовниж яваа хүмүүс балай, оюуны хомсдолтой болчихдог юм бэ.
Өнөө өглөө гэхэд өрөөсөн нүд нь тагларсан хүүгээ өрхийн эмнэлэгт үзүүлэх гэж эмээ нь үүдэнд хүлээж зогслоо. Удаан хүлээлгэсний эцэст "Ийм нүдийг үзэхгүй ээ” өөр эмнэлэг рүү буюу амбулатори руу яв гэжээ. Хүүгээ үүрээд амбулатори дээр иртэл "Ягаан дэвтэр нь байхгүй байна” гээд үзсэнгүй гээд үглээд гэр рүүгээ явсан байна. Яагаад ийм байдаг юм бэ. Нялх хүүхдийн нүд өвдөж, нуух идээндээ баригдаж харж чадахгүй байхад ингэж хэлээд явуулдаг эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг юмуу. Яах вэ дээ, эмээ нь сандарч байгаад хүүхдийнхээ ягаан дэвтэрийг нь орхиод л хаа холоос ирсэн байгаа юм. Гэтэл ийм шалтаг хэлээд буцааж байдаг арай ч дээ, ядаж юу хэрэглэх, ямар тос түрхэж, эм уух талаар зөвлөгөө өгөөд явуулж болно доо. Хэнэг ч үгүй "Ягаан дэвтэр нь байхгүй бол үзэхгүй” гээд өрөөний хаалгаа тас хаасан байх юм. Арай ч дээ ийм хүнлэг бус төрийн алба хаагч нараас үйлчилгээ авна гэдэг чинь ямар хүндрэлтэй юм бэ. Ер нь эмнэлгийн байгууллагын ачаалал их, дээрээс нь стресстэй эмч нар олон, өвчиндөө шаналсан иргэд олноор үйчлүүлдэг болохоор ингэж харилцдаг юм байна. Ганц жишээ хэлэхэд ийм л байна даа.
Хэзээ төрийн үйлчилгээний ажил төвөггүй болж, хүндрэл чирэгдэлгүй явдаг жишиг манай улсад бий болох юм бол доо. Найрсаг үйлчилгээ үзүүлдэг найр тавьдаг төрийн алба хаагч нартай болмоор л байна шүү дээ. Ийм муухай сэтгэлгүй хүмүүсээ анхаарч, зарим тохиолдолд хатуу хариуцлага тооцуулдаг байвал ямар вэ. Түүнээс гадна Нийслэлд ачаалал ихтэй ажилладаг төрийн үйлчилгээний олон газрууд бий. Тэдний нэг 100 айлд байрлах, Улсын бүртгэлийн ерөнхий газар. Ажлын таван өдөр хүмүүс энд байнга "оволзоотой” хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь үнэн. Гадаад паспорт авах, сунгуулах, иргэний үнэмлэхийн хуулбар, баримт бичиг, лавлагаа авах гэж иргэд үгээ хэлж, үстэй толгойгоо зулгааж аргаа барж, хараалаа урсгадаг.
Нэгэн иргэн энэ талаар цахим хуудсандаа үнэн төрхийг бичжээ. "Гадаад паспорт-100 айл. Дотор муухайрмаар их дараалал. Монголын, нийслэлийн бүх хүмүүсийн гадаад паспорт авах цэг нь ердөө дөрөвхөн цонх. Өнөөдөр 10 цагт би 355 дахь үйлчлүүлэгч. Миний өмнө 200 гаруй хүн баргар царайлан дугаарлаж байна. Дор хаяж 3 цаг хүлээх нь. Шуудангаар, онлайнаар, олон салбараар авч болдоггүй юм байхдаа. "Дүнжингарав”, "Мишээл”, "Драгон” дахь нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ рүү шилжүүлээч ээ! 100 айлыг 100 хуваан энэ их дарааллыг шингэлээч ээ! Улсын бүртгэлийнхэн улаан паспортын монополоо задлаж УБ-ын нэг цэгүүд рүү нүүгээд марш” гэж бичжээ. Энэ бол үнэн төрх. Ийм л байдалтай байгаа юм. Дээрээс дүүргүүдийн үйлчилгээний төвүүдийн ачаалал, улсын эмнэлгүүдийн ачаалал гэж их. Уг нь зөв хувиарлалтаар зохицуулалт хийвэл, хүн амтай энэ их хотод ачаалал багасна даа.
Зарим газрын үйлчилгээний цэгүүд хүн үгүй өдөржин эл хуль, хоосон өнждөг шүүдээ. Тийм газар руугаа нүүлгэж, шилжүүлээчээ гэж гуйя. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Драгон” төвд байгуулсан байгаа билээ.
Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай "Драгон” дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болж "Драгон” төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулахаар болсон нь их аятайхан санагдсан шүү. Ийм газрууд руугаа 100 айл дахь ачаалалыг багасгаж, амьдралаас минь урсах алтан цагийг хэмнээчээ гэж хот нийслэлийн удирдлагуудаас хүсмээр байна.
О.Сайхан
/ZALUU.COM/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

