| |
Булган аймгийнхан жил бүр шинэ жилийн баяраа нүсэр тэмдэглэдэг уламжлалтай. 2014 онд л гэхэд Нийслэлд Булганыхан өөр өөр холбоодоор овоглосон дөрвөн ч шинэ жил хийгээд амжсан байдаг. Харин өнгөрсөн онд Нийслэлд урлаг, спорт, бизнесийн салбараа нэгтгэж байгаад оюутан, залуус, ахмад үеэ хамтатган ганцхан жил хийжээ.

Өнгөрсөн сарын 26-нд ёслол төгөлдөр болж өнгөрсөн "Булган хангайн цэнгүүн”-д нийтдээ 700 зочин хүрэлцэн ирсэн бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, акедимч Ж.Болдбаатар, Ардын жүжигчин Б.Жавзандулам, тулаанч Ж.Нарантунгалаг, нутгийн бөхчүүд гэхчлэн эрхэм хүмүүс ч ирцгээсэн байна. Улаанбаатар хот дахь Залуучуудын холбоо, Булган аймгийн оюутны холбоо, Булган Аймгийн Нийгмийн Ардчилал МОХ, Могод нутгийн хөгжлийн төлөө холбоод нэгдэж, бусад холбоодтойгоо хамтран зохион байгуулсан шинэ жилд хүрэлцэн ирсэн зочид нь сэтгэл өндөр гарч.
Гэвч зохион байгуулагч залуус яг шинэ жил болох өдрийн өглөө багагүй сандралд ороод авсан гэх. Тодруулбал, Булганыхан эв нэгдэл муутай, холбоод нь байнга саланги байдлаар үйл ажиллагаа явуулж, шинэ жилээ хүртэл тус тусдаа тэмдэглэдэг гэх шүүмжлэлийн эсрэг залуус нь нэгдээд нэг шинэ жил хийгээд үзье гэж зориг шулуудаж. Мэдээж залуусын байгууллагад шинэ жилээ зохион байгуулахын тулд такснаас гадна санхүүгийн өөр эх үүсвэр хэрэг болсон аж. Тэд аймгийнхаа хэмжээнд нэр хүнд сайтай, салбартаа тэргүүлэгч болж яваа зургаан эрхэмд нэгдсэн шинэ жилийнхээ төслийг хүргүүлж, туслахыг хүсчээ.
Тэдгээрийг нэрлэвэл, Булган аймгийн засаг дарга Б.Эрдэнэбат, тус аймгаас сонгогдсон гишүүн Ё.Отгонбаяр, БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, "Модун хаан” группийн захирал Д.Хишигжаргал, UFC группийн ерөнхий захирал О.Амартүвшин тэргүүтэй эрхмүүд байж. Шинэ жилийн төслийг "нэгдсэн” гэдэг утгаар нь ерөнхийдөө таван нөхөр шууд дэмжжээ. Харин УИХ-ын Ё.Отгонбаяр "Би шоу цэнгээн дэмжихгүй” гэж шуудхан хэлж, залууст хаалгаа хаасан гэх.
Мэдээж дэмжихээ илэрхийлсэн эрхмүүд шинэ жилийн баярын хөтөлбөр, урлаг спорынхныг нэгтгэх тал дээр залуус дэмжлэг болон ажилласан байна. Тэдгээр эрхмүүдээс хамгийн идэвхтэй нь Булган аймгийн засаг дарга Б.Эрдэнэбат байсан бөгөөд залуустай уулзаж, санал солилцохын зэрэгцээ заавар чиглэл өгч, уг нь их л "сайн ах”-ын дүрд хичээн тоглож.
Хамгийн сонирхолтой нь яг эцсийн мөчид буюу бүх зардал төлөвлөгдсөн хойно аймгаасаа том төсөв зарцуулдаг гэх Б.Эрдэнэбат засаг нь гэнэт мурьжээ. Итгэж ядсан залуус "сайн ах” руугаа залгаад утсаа авахаа байж. Эцэст нь цэнгүүний өглөө "Би наад арга хэмжээнд тань оролцохгүй” гэх ганцхан өгүүлбэрээр байр сууриа тэс эргүүлснээр залуус үлдсэн санхүүжилтээ олох хүндхэн гарцтай тулсан гэх. Гэвч шинэ жилээ тэд зохион байгуулдагаараа байгуулж, нутгийн иргэдээсээ онц дүн аваад, ард нь засагтаа муу дүн тавиад хоцорч.
Засаг дарга Б.Эрдэнэбат "Ах нь та нарын зохион байгуулах шинэ жилд л очно. Өөр баярт очихгүй” гэж залууст хэлж байсан Сайн ахаа хоёрхон хоногийн дотор ор тас мартаж орхисныг залуус гайхаад учрыг нь олохгүй байгаа гэх. Үнэхээр ч Булганы засаг дарга "муриач” болсон уу, залуустаа энэ мэтээр ёсзүйгүй ханддаг уу гэх асуултын хариу анхаарлын тэмдэгтэй хэвээр үлджээ.
Уг нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж яваа хүн за гэвэл ёогүй байх учиртай. Учир нь, амных нь хэлбэрээр ажил хэрэг төлөвлөгдөж байдаг шүү дээ. Б.Эрдэнэбат дарга аа цаашид үйл хэргээ хичээхгүй бол залуус гээд худлаа хэлээд, молгидож орхиж болохгүй нь байна шүү. "Сайн ах”-ын дүрд тоглоход бас эвсэл хэрэгтэй.
Г.Итгэл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

