| |
Умард, Өмнөд Солонгос хамтран ирэх сарын 4-ний өдөр Кымгансан ууланд соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэвч энэ арга хэмжээнээс татгалзаж байгаагаа Умард Солонгосын тал мэдэгдээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын "Yonhap” агентлаг Пхеньяны талаас ийм албан мэдэгдэл авсан Нэгдлийн яамны мэдээллээс иш татан дамжууллаа.
Харин Умард Солонгосын тал тохиролцоогоо цуцлах болсон шалтгаанаа Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байгаа сөрөг, ташаа мэдээлэлтэй холбоотой гэж тайлбарласан байна. Хоёр Солонгос Пёнчаны олимпийн наадамд Умардын тамирчдыг оролцуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж харилцаа нь харьцангуй дулаарч эхэлсэн үед Пхеньян ийнхүү төлөвлөснөөсөө буцаж байгаагаа мэдэгдээд байна.
Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас үүнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлд хоёр Солонгосын хамтарсан арга хэмжээ Умард Солонгосын мэдэгдэлтэй холбоотойгоор цуцлагдах болсонд гүнээ харамсаж байгааг илэрхийлсэн байна.
Хоёр Солонгос харилцаагаа сайжруулах чиглэлээр эхний алхам хийхэд амаргүй хүчин чармайлт гаргасан энэ цаг үед харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан ойлголцож, хамтарсан төлөвлөгөө, тохиролцоогоо хэрэгжүүлэх ёстой гэж энэ мэдэгдэлд онцолсон байна.
Энэ сарын 23-25-ны хооронд Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны Хоёр Солонгосын солилцоо хамтын ажиллагааны газрын дарга Ли Чу Тхэ Умард Солонгост айлчилж, Кымгансан уулан дээр соёлын арга хэмжээ болох газар болон уулын цанын Масикрён цогцолбортой танилцаж байсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

