| |
"Монгол улс 2016 онд дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 74 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлосон бол 152 улсаас импортолсон байна. Урьдчилсан гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 8,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2,3 хувиар буюу 191 сая ам.доллараар буурчээ. Экспорт импортоос давамгайлж, 1,5 тэрбум ам.долларын зөрүүтэй гарсан нь эерэг үзүүлэлт болжээ. Энэ бол худалдааны тэнцэл Монгол Улсад ашигтай гарсныг харуулж байгаа гол үзүүлэлт” хэмээн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцлов.
Хоёр ч удаа ОХУ-тай Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр хийгээд байгаа юм. Монгол Улсын хувьд бүс нутгийн бүлэглэлүүд нэгдэх үйл явц буюу интеграцид орж байж, худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тиймээс ОХУ-д бараа бүтээгдэхүүнийг экспортлохын тулд ЕвроАзийн эдийн засгийн комисс гэх байгууллагад нэгдэх ёстой. Бараа бүтээгдэхүүнээ татваргүй солилцдог, худалдаа экспортыг нэмэх, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд хамтран ажилладаг улсуудын нэгдэл бол энэ. Комисст, ОХУ, Казахстан, Белорусь, Киргиз, Армян улс нэгдсэн. Өнгөрсөн орны 11 дүгээр сард манай улсын баг ЕвроАзийн эдийн засгийн комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож, энэ талаар ярилцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Евразийн эдийн засгийн холбооны Интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Т.Д.Валовая Монгол Улсад айлчилж, 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурсан. Дээрх баримт бичигт зам тээвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн салбар хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, туршлага солилцох, дугуй ширээний уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг тусгасан байна.
Харин гуравдагч хөрш АНУ-тай 2014 онд байгуулсан олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын хэлэлцээрийг 2017 оны нэгдүгээр сарын 19-нөөс мөрдөхөөр боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нар манай хууль эрхзүйн орчинг ил тод харж чадах нөхцөл байдал бүрдсэн гэнэ.
Н.БАТ
Эх сурвалж: www.assa.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?