| |
АН-ын даргын сонгууль энэ долоо хоногт болно. Тэр дүнгээс болоод зодоон эхлэх үү ? Эсвэл зүгээр шууд дараагийн ажилдаа орох уу ? гэдэг хүлээлт байна. Ямар ч гэсэн анализ хийх нь зөв гэж бодож байна…
Н.Алтанхуягийн зүтгэлээр 2012 онд парламентын сонгууль, хотын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялчихаад угаасаа ялдаг нам гэж боддог болчихсон юм. Үнэндээ 1996 оны анхны ялалтаас хойш парламентад цухуйгаагүй нам шүү дээ. 62-ын бүлэг ч болж, их эвсэл ч болж, үндэсний эв нэгдэл ч зохион байгуулж явсан үр дүнд нь МАНАН гэгдэж, чиргүүл болж зүүгдсэн. "Хэрэг илэрсэн хойно цэцэн ноён олон” гэгчээр гурав дахь ялалтын маргаашаас погоноо гялалзуулсан хуримын генералууд тодорч, хоорондоо зодолдоод нэг хартал өнөө ялалтыг нь авчирсан Н.Алтанхуяг нь хойморт ч үгүй, оронд нь хэн нь суугаад, хэн нь буугаад байгаа нь ойлгомжгүй, "архи авчирсан нь” хоймор суудаг нэг тийм "тасарчихсан” улсын найр болоод дуусав аа. Тэгээд яахав дээ, жамтай юм жамаараа болж 2016 онд "Хурим hайхан бол оо, хүргэн үхээ” гэлцээд тамхиа шившиж суухдаа тулав. Н.Алтанхуяггүй АН мөн л дөө.
Одоо тэгээд яахав дээ, шараа тайлах хэрэгтэй. Гэвч төрөлх араншин нь хөдлөөд хэнээс болж найр тарав, хэн тараав гэлцээд хуримд ууснаа гудамжинд тайлаад, хутга бариад гүйлдэхдээ тулав. Нэг хэсэг нь "Эбиг ална” л гэнэ, нөгөө нь "Зи-г ална” л гэнэ, бас "Үүлийг ална аа” л гэнэ. Харин Н.Алтанхуягийгаа шал дэмий зодчихсоноо мэдэх тул гайгүй. Ингээд ер нь АН-д амьд хүн үлдэхгүй янзтай болов доо. Нөгөөдүүл нь айгаад нэгнээ зааж өгөөд суугаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-д "амьд хүн” хэрэгтэй л баймаар ?! Өөрийнхнөө биш өрөөлийг "алах” ёстой биз дээ? Эсвэл бүр намаа "гүйцээчих” үү ?!
Одоо бол ойлгомжтой л байна л даа. Ялалтыг хэн авчрах вэ ? гэж асуувал хариулт нь бас асуулт байх болов уу? Ялалтыг хэн авчирч байсан бэ ? Ингээд л сонголт тодорхой ч ёроолд нь нөгөө нэг юм бий, хэн ч гарсан "Намаа шоронгоосоо удирдах уу ? чи” гэх занаа…
С.Эрдэнэ бол АН дотроо бол чадварлаг зохион байгуулагчдын нэг. Өнгөрсөн сонгуулиудаар АН-ын нэр дэвшигчид тахал туссан мэт хиарч байхад С.Эрдэнэ л дүүргээ хамгаалж үлдсэн. УИХ-ын даргаа, намын даргаа, фракцын ахлагчаа тавиад туучихсан л даа, гэхдээ дүүргээ бол аваад үлдсэн. Хэзээнээс Баянгол дүүргийн АН-ын урд гишгэх нам нийслэлд байхгүй. Яаж ч хэлсэн намын ажил сонгуулиар л шалгагддаг учраас үүнтэй маргах хүн гарахгүй байх. Харин яагаад З.Энхболдоор туг тахичихав ? "Эби”-тэйгээ л тохирсон хэрэг.
Боловсролын яам бол "сэхээтнүүдийн дарамтан дор” байдаг хамгийн их хэл үгтэй салбар. Харахад цэвэр ч хачин их хэл амтай газар. Тийм салбарт хоёр Засгийн газар дамжаад ажиллана гэдэг ажлын эв дүй, соёл, ур чадвараа харуулсан хэрэг. Гагцхүү гэм нь "Нэг ардчилал” фракц бас нөгөө хүний тоглоом болчихсон байх вий гэх айдас. Нэг ардчилал нөлөө багатай байх, гэхдээ цөөн залуу улстөрчдийг нь харвал алсдаа намын "тинк танк” болох биз, Гэхдээ л яг ийм "хөвөгч” идеологид суурилсан, мөнгөгүй фракцаар, залуу хүнээр "хүү өгч” тоглож байх вий гэх болгоомжлол бий нь гашуун үнэн. Яагаад гэвэл энэ фракцын болон УИХ-ын гишүүн асан М.Батчимэг Ерөнхийлөгчийг төлөөлж МАН-тай "Үндсэн хуулийн өөрчлөлт” тохирч байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулиар гондом болгож ашиглачихаад дараа нь унагасан шалтгаар унахдаа тулбал өөрийгөө хамгаалж үлдэх хүч султай нь өөрөө сул тал юм л даа. Нэг онигоог жаахан өөрчлөөд хэлбэл "Нэг монгол нэг японыг зодчих байх, харин 100 монгол 100 японд зодуулна”. Харин Лу.Гантөмөр даан ч тэр "нэг Япон” нь юм л даа.
Санасандаа хүрч Г.Уянгыг унагаж авсан ч тэр нь тийм ч амархан дарагддаг "шулам” биш ажгуу. Г.Уянгын их хуралд оруулаад аргагүй цагт хавчигдсан асуудлыг одоо С.Жавхлан үргэлжлүүлнэ. Учир нь түрүүчийн парламентын чуулганыг яг ийм шалтгаанаар бүтэн сарын өмнө завсарлуулсан болохыг хүмүүс одоо санаж байна уу, үгүй юу. Унасан нэр хүндээ утаан дээр дөрөөлөн сэргээх гэсэн нь бүр ч гай болжээ. С.Жавхлан гишүүн түүнийг "Ц.Элбэгдорж өөрөө утаа юм. Энэ утаанаас эхлээд салах хэрэгтэй!” гэж тун ч ончтой мэдэгдлээ. С.Жавхлан дээл хувцас яриад тун аюулгүй байсан юмсан. Гайт Уянга аюултай бөмбөг аваачаад бариулчихлаа. Тэгмэгц Жавхланг Уянгаас салгах үйл ажиллагааг хүчтэй эхлүүлэв. "Очиж очиж Уянгатай нийлэх гэж”. "Хамгийн буруу хүнтэйгээ нийллээ дээ” гэх харууслаар хөлсний тэжээврүүдээ "уйлуулав”. Энэ бол С.Жавхланг ёстой тэнгэр харж, явж явж хамгийн зөв хүнтэйгээ нийлсний дохио билээ. Одоо Жавхланг дарж авах аргаа боловсруулж суугаа байх. Бас л Уянгатай адилхан ямар ч гэм зэмгүй тул төвөгтэй. Яахав боловсрол энэ тэрээр нь мэрж л байя, тэгж байгаад нэг сэжүүр олж дөнгөнө гэж шазуур зууж суугаа. Ерөнхийлөгч мэдрэмжээ алдсанаас гадна түүний ямар ч уран тоглолт өөрийг нь аварч дийлэхгүй эргүүлэгт нэгэнт унажээ…
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь гэсэн дохиог одооноос өгч эхэлснээр илэрч байна. Ийм дарамтан дор сонгуульд орох нь 65 суудалтай МАН-д ичгэвтэр хэрэг юм. Тиймээс МАН-д ямар ч аргаар хамаагүй Ц.Элбэгдорж гэгч дэвтсэн бугаас салах хэрэгцээ тулгарч байна. Хамгийн түрүүнд тэвчээргүйгээрээ Ц.Нямдорж заналхийлэв. "Мэнгэ нь дөнгө болсон” гэдэг үгийг тэр мартахгүй л дээ, прокурорууд угаасаа ой сайтай байдаг юм. Энэ мэнгэ хэний дөнгө вэ гэдгийг харуулах цаг. Одоо л
Жавхлантайхан Уянгалж МАНдуулдаг цаг!
Уг санаа нь М.Энхболд Ерөнхийлөгч болно, өөрөө түүний тойрогт очиж өрсөлдөөд парламентад орж ирж намын даргаа авна. Ирэх 4 жилд МАН сүйрэх учир дараагийн сонгуулиар АН олонх болж өөрөө Ерөнхий сайд. Тиймээс намын даргаар дуулгавартай өөрийн хүн гарч ирэх ёстой. "МҮДН”-ын Д.Эрдэнэбат, "Шонхор”-ын С.Эрдэнэ, "Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр гэсэн өөрийн талын хүмүүсийн сунгааг зохион байгуулахыг хүссэн ч Ж.Батзандан орж ирснээр тоглоомын дүрэм өөрчлөгдөж, түүн дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр илэрхий ашиггүй байдал үүсчихжээ. Өнөөдөр сунгааны урьдчилсан прогнозыг харвал Ерөнхийлөгчийн талын гэсэн нэг тал, эсрэг талынх гэсэн нэг тал болсон хуваагдал үүсээд байгаа ба гайтай нь Ерөнхийлөгчийн талынх гурав, харин эсрэг тал нь хоёр хуваагдсан дүнтэй байгаа юм. АН-ын их хурлаар хэрэв намын даргын сонгууль явуулсан бол Н.Алтанхуяг "ногоон гэрлээр” гарч мэдэх байсан тул түүнд хэрэг үүсгүүлээд, сунгааны хувилбарыг оруулж дөнгөсөн ч эцэстээ үнэнд гүйцэгдэх нь байна. Гэвч харж байя. Хэрэв гарцаагүй ялагдах болбол тэр өөрийн хүмүүсээсээ хоёрыг нь ч татуулж дөнгөнө. Гэхдээ тэглээ гээд бүх санал үлдсэн нэг дээр нь очно гэх магадлал байхгүй, харин ч нөгөө тийш нь нүүчих юм…
Хэдий эрх мэдлээ хязгаарлуулсан ч 65 гишүүнтэй МАН Ц.Элбэгдоржоор удаан тоглуулаад байхыг хүсэхгүй байна. Унаж буй Ерөнхийлөгчөөс зүүгдэж буй унхиагүй даргаа МАН бас голж эхэлжээ. Ерөнхийлөгч утааны жүжгээ тавихад ЗГ-ын кабинет нь тэр чигээрээ очоод хурхирч байдаг нь ч бас юучив? Ойрын хугацаанд ТЕГ-ын даргыг солих асуудлыг тавьж магадгүй ба цаашдаа АТГ ба ГХЯ-ны асуудлыг хөндөх болжээ. Мөн сонгууль болтол Ц.Элбэгдоржийг ноолж, түүний мэдэлд орсон АН-ыг гутаан баллуурдах ажлыг бүтэн улирлын туршид хийх ба бүтэж үхэх шахсан гишүүд нь харин ч шүднийхээ загатнааг гаргах нь дамжиггүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?