| |
99 жилийн тэртээ 1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны 21:45 цагт Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) "Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлжээ.
Хуучин юлиан цагалбараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон.
Өвлийн ордонг эзлэн авсны дараа В.Ленин, Л.Троцкий, Я.Свердлов нарын удирдсан Оросын коммунистуудын большевикнам төр засгийн эрх мэдлийг гартаа авч ЗХУ-ыг зарлан тунхагласан юм. Ийнхүү дэлхийн анхны социалист улс мэндэлж, XX зууны турш дэлхийн бүхий л үйл явдалд асар их нөлөө үзүүлэн 73 жил оршин тогтноод 1990 онд үгүй болсон билээ.
1941 оны арваннэгдүгээр сарын 7-нд нацист Германы цэрэг Москвад тулж ирсэн эгзэгтэй үед тус улсын удирдагч И.Сталин Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн баярыг тэмдэглэх шийд гаргаж, Улаан талбайд цэргийн парад болжээ. Уг нь чухам энэ өдөр нацист Герман Москваг эзлэн Улаан талбайд өөрийн цэргийн сүрт жагсаал зохиохоор төлөвлөсөн байжээ.
ЗХУ-ын удирдлага Улаан талбайд парад зохион байгуулснаар ард түмэн, армийнхаа урам зоригийг бадраан дэлхий нийтэд Москва бууж өгөхгүйг тод томруунаар мэдэгдсэн юм. Парадад оролцсон Улаан армийн цэргүүд шууд фронтыг зорин эрэмгийгээр тулалдан дайсныг гэдрэг ухраасан гэдэг.
Тэгвэл 1990 оны Октябрийн баярын Улаан талбай дахь жагсаалын үеэр А.Шмонов гэгч В.Лениний бунхан дээр зогсч байсан ЗХУ-ын сүүлчийн удирдагч М.Горбачёвт халдах оролдлого хийсэн юм. Гэвч түүнийг хүрэмнээсээ ангийн тайрсан буу гарган онилоход цагдаагийн ажилтан А.Мыльников түүнд саад болж амжжээ.
Харин 1996 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельциний зарлигаар Октябрийн хувьсгалын баярын оронд анх удаа Эв нэгдэл, эвлэрлийн баярыг тэмдэглэсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?