| |
Амьдрал эгэл байх тусмаа илүү үнэ цэнэтэй. Малын бэлчээрт хонио хариулж яваад, дуудахаар нь хотод ирж, бүр хилийн дээс алхан олон улсын тэмцээнд оролцоод энгэр дүүрэн медаль гялалзуулан нутгийн зүг жолоо залдаг эгэл малчин эмэгтэйтэй уулзлаа.
Гүнчингийн Аюур өдгөө 70 шүргэж яваа ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, гялалзуур нэгэн юм. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэнгол багийн малчин тэрбээр гадаад дотоодын олон тэмцээнд оролцож гялалзсан амжилт үзүүлсээр иржээ. Тухайлбал, 2014 онд Японд болсон олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнээс хос хүрэл медальтай эх орондоо ирсэн байна. Мөн хөнгөн атлетикийн ахмадын УАШТ-ээс сүүлийн таван жил алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Хүй долоон худагт болсон "БНСУ ба Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн нэрэмжит хагас марафон гүйлтийн тэмцээний ахмад настны ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртсэн аж. Түүнээс өмнө Цонжинболдогт болсон "Батбэх рэмикон” ХХК-ийн нэрэмжит хөнгөн атлетикийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээний 60-аас дээш насны ангилалд, 2000 метрийн төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болжээ. Өмнө нь "Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 3000 м-ийн зайд мөн л тэргүүн байр эзэлж, алтан медалиар энгэрээ мялаасан гээд түүний амжилтын түүх уртаас урт жагсаалт болон хөврөх ажээ.
"Гүйх тусам эрч хүч нэмж, эрүүлждэг” хэмээн өгүүлэх "Говь-Алтайн хурдан цагаан”-тай хөөрөлдсөнөө уншигч танаа толилуулъя.
-100-200 метрт гүйж, рекорд эвдэж байлаа-
-Сайхан хаваржиж байна уу. Та манай уншигчдад өөрийгөө эхлээд танилцуулаач?
-Намайг Гүнчингийн Аюур гэдэг. Би өдгөө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрэнгол багын малчин. Одоогоор хүү, бэртэйгээ нийлээд 1000 орчим мал маллаж байна даа. Хэд хоногийн өмнө ямаагаа самнах санаатай байж байсан чинь хотоос Сумъяа багш "Ахмадын хөнгөн атлетикийн УАШТ болох гэж байна. Та ирж тэмцээнд орооч” гэж дуудсан. Ирээд Хүй долоон худагт болсон тэмцээнээс 3000 метрт гүйж алтан медаль авлаа.
-Та их спорттой хэдий үеэс хувь заяагаа холбов. Хэзээнээс гүйж эхэлсэн бэ?
-Би 1965 оноос гүйлтийн спорттой амьдралаа холбосон. Тэр үед 15 настай байлаа. Хүүхэд байхаасаа биеийн тамирын хичээл дээр гүйгээд хэзээний л түрүүлж онц авдаг хүүхэд байсан.
-Хурдан гүйдэг хүмүүсийг "гүйдэг хар” гэх мэтчилэн нэрлэдэг. Танд тийм содон нэр бий юү?
-Би Говь-Алтайн хурдан цагаан гэдэг нэртэй /инээв/. Багаас, сум, аймаг, бүс гээд тэмцээнд яваад очно. Үгүй ээ, та минь ээ, нөгөө Говь-Алтайн хурдан цагаан ирчихэж. Одоо ч нэгдүгээр байр өнгөрсөн, хоёрыг нь алдахгүй шүү гэдэг байсан. Харин сүүлийн үед хотынхон Говь-Алтайн "нисдэг авгай” хүрээд иржээ гэдэг болсон байна лээ.
-Анхны тэмцээнд оролцож, хүч сорьсон мөчөө дурсвал сонин байх болов уу?
-1965 оноос л тэмцээнд оролцсон доо. Тухайн үед насанд хүрээгүй гээд нэг нас нэмж тэмцээнд оруулсан шүү. Би ерөөсөө 100, 200-д л гүйдэг байсан. Тухайн үедээ 10-11 секунд гүйж, монголын рекорд эвдлээ гээд зэргийн үнэмлэх өгч байсан юм. Хүмүүс намайг худлаа хэллээ гэж магадгүй. Би тухайн үед чинь нас залуу цус шингэн, хурдан гэж чигтэйхэн байсан юм. Би баг, сум, аймаг, бүс, улсын аварга болж явсан. Тэр үед намайг аймгийн дасгалжуулагч болгоно гэдэг байсан.
-Дасгалжуулагч болохыг өөрөө зөвшөөрөөгүй юм уу?
-Тийм. Хүүхдүүд маань нялх балчир байсан учраас дасгалжуулагч хийх бололцоо олдоогүй. Тэгээд 1992 онд хөнгөн атлетикийн УАШТ-д ирж оролцоод дөрвөн алтан медаль хүртэж байсан юм. Дараа нь хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй.
-Яагаад тэр вэ?
-Зах зээлд ороод хаячихсан. Хонио хариулсан. Одоогоос таван жилийн өмнөөс тэмцээнд оролцож эхэлсэн. Сүүлийн таван жил УАШТ-ий ахмадын төрөлд тасралтгүй амжилттай оролцож, алт мөнгөн медалиуд авсан байгаа.
-Олон жилийн дараа их спортдоо эргэн иржээ. Эргэж ирсэн түүхээ хуваалцаач?
-Нэг өдөр танихгүй дугаараас дуудлага ирлээ. Хувцагаан байна, ахмадуудынхаа мастерын тэмцээнд ирээд орооч, Төв аймагт болох гэж байна, чамд зав байна уу гэдэг юм байна. Үгүй, байлгүй яахав гэлээ. "Намайг хүрээд ир гэж байна” гэж хэлтэл хүүхдүүд "Одоо яах юм бэ, бахардана” гэсэн. Тэгэхээр нь "ээж нь ер нь оччихоод ирье, нас насандаа л гүйх юм байна шүү дээ” гэж хэлсэн.
Маргааш нь хүүгээ хүргээд аль гэж хэлээд, аймаг руу хүргүүлж, микрод суучихлаа. Хотод ирлээ, өглөө 07 цагт Төв аймаг явна гэв. Бэлтгэл сургуулилт байхгүй, шөнөжин замд явсан болохоор нойр л хүрээд байсан. Явах автобусанд хүмүүс суучихаж. Би суулаа. Тэгтэл Хувцагаан, Буриад хоёр ороод ирсэн. Гурвуулаа Говь-Алтайгаас хүн ирвэл Сонгинохайрханы нэр дээр орчихъё гэж ярилцаад. Баггүй юм чинь оруулахгүй шүү дээ. Тэгээд тохироод байтал нэг бүдүүн хар хүн ирээд өнөө хоёрын чинь нэрийг бичиж аваад, сүйд болоод байна. Би ч танихгүй юм. Гэтэл Хувцагаан "Цаана чинь гурван алтны эзэн сууж байгаа шүү” гэлээ. Өнөө залуу "Таныг танихгүй юм, уучлаарай эгч ээ. Би дасгалжуулагч байна” гэж өөрийгөө танилцуулаад Говь-Алтай аймгийн багт миний нэрийг бичлээ. Тэгээд Төв аймаг дээр ирсэн.
-Тэмцээн ч эхэлсэн үү?
-Тийм, 100-гийн гараа надаар эхлээтэхлээ. Автобуснаас буугаад л шүү. Хоёрт орчихлоо гэсэн. Дараагийн ирсэн хүн секундээр илүү байсан юм байлгүй дээ. Зайнаас уртад харайгаад хоёрт орлоо. Дараа нь 1500 м-т гүйж, бас хоёрт орсон. Энэ тэмцээнээс би Тайвань явах эрхээ авч байлаа.
-Хорь гаруй жилийн дараа гүйхээр ямар нэгэн хүндрэл гарч байв уу?
-Яах ч үгүй байна лээ. Гэхдээ жаахан удаан болчихсон юм шиг байна.
-Одоо та нас сүүдэр хэд хүрч байна?
-68.
-Таны шагналууд дунд алтан медаль жин дарах юм?
-За бараг нь л алт даа. Харин сүүлийн үед л мөнгө, хүрэл рүү ороод байгаа /инээв/. Төв аймгийн тэмцээн дээр би "Алт авдаг Аюур чинь одоо өнгөрчээ” гэхэд Хувцагаан "Дэмий яриад бай, чи хэвээрээ байна. Бэлтгэлгүй ийм амжилт үзүүлж байгаа юм чинь бэлтгэлтэй бол алт авна” гэсэн.Эхлээд өөрөө гүйдэг байсан бол дүү нартайгаа, одоо бүр хүүхдүүдтэйгээ гүйж байна /инээв/.
-Би таныг уулын спортын хүн гэж сонссон л доо?
-Үгүй ээ, би жинхэнэ 100, 200-гийн хүн. Гүйхдээ нам гараанаас л гарна шүү дээ. Марш дохио өгөхөд гараад нэг мэдэхэд л барианд орчихсон байдаг. Нутагтаа нэг удаа 10 медальтай ч очсон шүү.
-Олон улсын олон тэмцээнд явж байсан гэж сонссон. Ямар ямар тэмцээнд оролцоод ирсэн бэ?
-Тайваньд болсон олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнээс тусгай шагнал, Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил Төв аймгийн Өндөр дов гэдэг газар олон улсын хөнгөн атлетикийн тэмцээн болсон. Тус тэмцээнд таван орны 550 орчим хүн оролцсон. Уг тэмцээнд 3000 метрт гүйгээд алтан медаль хүртсэн. Түүний дараа Японы Касама хотод болсон тэмцээнд оролцоод ирсэн.
-Ямаагаа самнаад олсон мөнгөөрөө тэмцээндээ явдаг-
-Гадаадад тэмцээнд явах зардлаа хэрхэн олдог вэ. Ойролцоогоор хэдэн төгрөгийн зардал гардаг вэ?
-Ямаагаа самнаад олсон мөнгөөрөө тэмцээндээ явдаг. Ойролцоогоор дөрвөн сая төгрөгийн зардал гардаг. Би өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнд дөрвөн саяар яваад 100, 200, 400, 800-д гүйгээд бүгдээс нь тусгай шагнал авчирсан. Энэ жил Франц гэдэг улс руу явах юм гэсэн. Одоогоор энэ тэмцээний тухай сураг дуулдаагүй байна. Хүмүүс бүртгүүлээд эхэлсэн гэж дарга нь өглөө утсаар ярьж байна лээ. Тэр тэмцээнд зургаан сая төгрөгөөр явах юм гэнэ лээ.
-Хөдөө амьдрал ямаршуу байх шиг байна?
-Хөдөө яахав, малчин бид чинь хэдэн ямаагаа самнаад л, ямааны ноолуураараа амьдарч байна. Энэ жил ноолуурын ханш буурсан байна. Ноднин жил нэг кг ноолуур 60 мянга хүрч байсан. Харин энэ жил 45 мянгатай байна.
-Ямааны ноолуураасаа олсон мөнгөөр тэмцээнд яваад байхаар хүүхдүүд нь хэр хүлээж авч байна. Дургүйцэх асуудал гардаг уу?
-Үгүй. Харин ч ээж маань тэмцээнд явах нээ, бололцоогоороо л явж үз гэж хэлдэг. Энэ үгэнд нь би их баярладаг /инээв/. Зарим хүмүүс надад "Та дориун компани бараадчихаач” гэж хэлдэг.Хөдөөний хүн чинь тийм зүйл сайн мэдэхгүй шүү дээ. Өөрт байгаа мөнгөөрөө л тэмцээндээ явдаг /инээв/.
-Таныг дэмжье гэж байгууллагаас санал ирдэггүй юм уу?
-Ирэлгүй яахав. Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс ийм санал ирсэн. Бас Төв, Увс аймаг манай нэр дээр уралдаач гэдэг юм. Гэхдээ надад тэдний ивээлд явах бодол байдаггүй. Нутаг нугынхаа л нэрийг гаргахыг хүсдэг. Гэвч манай аймаг, сумын удирдлагууд мэддэг ч юм уу бүү мэд /инээв/.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь тань шиг гүйдэг хүүхэд байна уу?
-Хүү, охин хоёртой. Хүү Батдалай, бэр Сүнжидмаа, хүргэн Очирбат, охин Эрдэнэчимэг, туслах малчин Бямбанасан, Ганбаяр, Мөнхгэрэл нартаа ар тал, малаа даалгачихаад би энд гүйгээд байна даа. Тэд маань байхгүй бол би тэмцээн уралдаанд явахгүй, малаа хариулаад л байж байна шүү дээ.
-Хүүхдүүдээс чинь таны орыг залгах сайн гүйдэг хүүхэд бий юу?
-Охин маань сумандаа 400, 800 м-т алтан медальтай. Мөн ач охин Дэлгэрмаадаа их итгэл тавьж байгаа. Энд компьютерийн сургуульд суралцдаг. Энэ охин маань их сайн гүйнэ. Ноднин надтай хамт Сэлбийн гүүр тойроод л гүйдэг байсан. Залуу хүүхэд учраас их хурдан сайн гүйдэг.
-Надад өвддөг эрхтэн байхгү-
-Та спортын ямар зэрэг, цолтой билээ?
-Спортын мастер, спортын тэргүүний ажилтан. Хөдөөний хүн учраас энэ цолыг хожуу авсан.
-Удамд тань хурдан гүйдэг хүн байсан болов уу?
-Миний ээж уралдуулахад хамгийн түрүүнд л ирдэг байсан гэнэ лээ.
-Гүйхгүй удахаар яах вэ?
-Гүйхгүй болохоор бие жаахан нозоороод, гүйгээд ирэхээр хөнгөрөөд л ирдэг. Би тэмцээнд оролцох үедээ хөнгөн хоол иддэг.
-Танд өвчин хууч бий юу?
-Байхгүй. Гар хөл чанга. Надад өвддөг эрхтэн байхгүй.
- Японд болсон Азийн аваргын тэмцээнийхээ талаар ярихгүй юу?
-Би 200, 400-д гүйж, хос хүрэл медальтай ирсэн. Хоёр өрсөлдөгч нь лут байна лээ. Гэхдээ яая даа гэсэн галзуу ч биш юм билээ. Японы 93 настай, цал буурал толгойтой эмэгтэй тамирчин оролцсон. 100-гаас эхлээд бүх төрөлд оролцож алт авсан, ёстой мундаг. Бүх гимнастик хийнэ.Хөгшин гэлтгүй залуучуудтай л адилхан гүйж байсан.
-Хэдэн орны хичнээн тамирчин оролцсон бэ?
-Намжилмаа гавьяат 20 орны 1000-аад тамирчин оролцсон гэсэн шүү. Өмнө нь Тайваньд болсон тэмцээнд 18 орны тамирчид оролцсон. Сая 500-г төлөөд явсан л даа, хоцорсон гээд намайг оруулаагүй. Гэхдээ ганц нэг хүний нэр дээр гүйсэн. Увсын 50 настай тамирчин хөл нь өвдөөд, оронд нь 5000 м-т гүйсэн. Дөрөвт ирээд, өргөмжлөл хүртсэн.
-Хувиасаа мөнгө гаргаад, тодорхой зорилго өмнөө тавьсан байх?
-2000, 3000-д алт аваад л ороод ирэх байсан, хүн байхгүй байсан. 200, 400-д гэнэт явсан. Аргагүй шүү дээ, ороод хос хүрэл медаль аваад ирж байгаа нь их юм. Би түүнд л их баярлаж байгаа. Рэнцэн багшид маш их баярласан, итгэл найдварыг нь алдаагүй. Бид хэд очсон өдрөө стадионых нь гадаа хоносон шүү. Буудлынхан нь илүү мөнгө нэхээд, маргааш нь өдрийн 5 доллар болгон буулгаж буудалласан. Бидэнд хэлмэрч байгаагүй.
-Яаж ойлголцож байв?
-Нэг монгол хэлтэй япон эмэгтэй сүүлд хэлмэрчилсэн. Уртын дууч Чимэдцэеэгийн шавь, удахгүй Монголд очно гэсэн. Биднийг явахад уртын дуу дуулаад уйлаад хоцорсон доо, хөөрхий. Өрөвдмөөр.
-Та спорт хороонд данстай биз дээ?
-Ахмадын спорт хорооны дарга намайг тэмцээнд авч явахгүй л гэдэг юм. Юундаа байдаг юм, бүү мэд. Спортын мастер, тэргүүн мөн. Тэгээд л Говь-Алтайн авгайг авч явахгүй л гэдэг. Сүүлд Рэнцэн л намайг хоёр зайнд бичээд оруулсан, тэгээд Япон явж, хоёр хүрэлтэй ирж байгаа байхгүй юу.
-Өрсөлдөөн, атаа жөтөө байна уу?
-Байна. Тайваньд би 1500-д гүйсэн бол алт аваад л ирэх байсан. Зарим хүнээс болж оролцож чадаагүй. Ноднин Төв аймагт болсон тэмцээнд би тасархай орж ирсэн, гэтэл дөрөв дээр ирсэн тэр эмэгтэй түрүүлсэн шүү. Гэхдээ би тийм юмыг тоох ч үгүй.
-Нутагтаа очоод хонио хариулна гэсэн. Хонины бэлчээрт явахад уралдмаар, гүймээр санагдах уу?
-Хөдөө малаа хариулаад, үргэлж л гүйдэг дээ.
-Хонь хариулж явахад юу илүүтэй бодогддог вэ?
-Үгүй яахав, тэмцээн болвол орчих юмсан л гэж боддог. Уулын спортын мастер Цэрэндулам гэж найз бий. Тэмцээний сураг сонсоод, одоо чи хүрээд ир гэхээр нь би ирдэг байхгүй юу.
-Та тэмцээнд оролцохоос хэзээ ч буцахгүй юу?
-Зохиогдвол оролцоод л байна.
-Одоогийн тамирчдын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бидний залууд тамирчид бие биедээ анхаарал тавьж, тэгж гүй, ийм алдаа гаргаж байна гээд хэлж зөвлөдөг байлаа. Одоо ч бие биенийхээ дээр гарахыг л хүсдэг, айхтар болжээ.
-Та спортоос өөр зүйл сонирхдог уу?
-Би ардын авьяастан. Уртын дуу оролдоно. 800 уртын дуучдын уралдаанд оролцсон.
-Баярлалаа. Таны цаашдын амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Дэжид
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?