| |
-ГИШҮҮД, ДАРГА НАР МОРЬ, БӨХИЙН ГАЛ ДЭЭР ЯНЗ БҮРИЙН АМЛАЛТ "БАРЬЖ" ОЧДОГ УУ-
Улстөрчид хурдалдаг хүлэг, элдэвтэй бөхчүүдийг анзаарч байгаад хээрийн бэлтгэлд гарахад нь давхиад очдог. Тэд улстөрчийнхөө нэр хүндийг өсгөх зорилготой ганц, хоёр бөхөд "Энэ жилийн баяр наадмаар түрүүлж, нутгийнхаа нэрийг гаргах юм бол тэдэн өрөө байр, тийм автомашин өгье” гээд л уяач, бөхчүүдийн бяр, шуналыг хөдөлгөж, хүч нэмдэг янз бүрийн эм, бэлдмэл уухад нь нөлөөлж, тэднийг баахан дэвэргэдэг. Тэгээд болоогүй сорилго барилдааных нь шагналыг гардуулж, бөхчүүдтэй зургаа даруулж, наана, цаана нь орж ая тал засдаг. Харин энэ жилийн Улсын их баяр наадамд УИХ-ын гишүүд уяач, бөхчүүдээсээ илүү догдолж, ач холбогдол өгч байгаа бололтой. УИХ-ын дарга лав хар нүдний шилтэй бөхчүүдэд гарцаагүй гэсэн мэхнээсээ зааж өгч, дасгалжуулагч багшийг нь орлож байгаа бололтой. Нэг бөхтэй барилцаад авчихсан байсан. Тэр бөхийн цаашдын амжилт, даваа бүхэн нь УИХ-ын дарга, түүний арга барилтай холбоотой болсон байх. Хэрвээ түүнийг түрүүллээ гэж бодоход ард түмэн УИХ-ын дарга Г.Занданшатарын дасгалжуулсан бөх гэж ярихаар болсон байлгүй. Энэ мэтчилэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Увс нуур дэвжээний гал дээр оччихсон шар ууттай бэлэг, шагнал гардуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бөхчүүдтэй гар барьж, зураг даруулаад л сүйд болцгоож байх шив.
УИХ-ын гишүүд, сайд, дарга нар улс төрийн зорилготой морь, бөхийн гал дээр янз бүрийн амлалт "барьж" очдог нь жинхэнэ монгол бөхийн чанар, чансаа, ёс жудгийг үгүй хийж байна. Тухайлбал, "Чамд автомашин, байр өгсөн биз дээ" гэж янз бүрээр доромжилдог жишээнүүд бий. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоод лайвчин Д.Мөнх-Эрдэнэ 2018 онд автомашин өгсөн юм билээ. Харин тэрбээр өнгөрсөн хавар Н.Золбоог "Би чиний хүн чанараас ой гутсан. Өгсөн юмныхаа хойноос харамсаж байгаагүй. Өгвөл өгсөн шиг өгдөг хүн. Бөх хүнээс гармааргүй зантай. Чи харцага цолоо батлаарай. Тэгж чадвал чамайг хүндэлнэ” гэж лайваар шүүмжилсэн.
Харин түүний хариуд улсын харцага Н.Золбоо өөрийн цахим хуудастаа "Төрийн наадмын дэвжээнд есөн жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал гурван өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү” гэж бичиж байсан юм. Үүнээс харахад, томчууд, баячууд бөхчүүдэд том ам өгчихөөд түүнийгээ биелүүлсэн, биелүүлээгүй хамаагүй нэр төрийг УИХ-ын сонгуульд ашигладаг, ашиглах гэж үздэг. Учир нь, тэд ард түмэнд таалагддаг, сайн барилддаг бөхчүүдийн нэрийг улс төрдөө ашигладаг тохиолдол цөөнгүй.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдийг аятайхан байхгүй бол цолийг нь хурааж авна гэж айлгасан. Тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай уулзах үеэрээ "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ярилцаж, ойлголцож асуудлын нэг талд гарах ёстой. Ард түмнээ мөн хүндлэх ёстой. Та бүхний авч байгаа цол бол ард түмний цол шүү. Төрөөс өгч буй цол. Төр гэдэг чинь ард түмэн. Тиймээс ард түмний хүндэтгэл хайрыг хүлээж амьдрах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бөхчүүдтэй холбоотой янз янзын асуудлууд маш их гарч байна. Би түүнийг тоочиж хэлээд яахав. Та бүхэн монгол эрчүүдийн үлгэр дууриал, манлайлал нь байх ёстой. Сүүлдээ бөх маань арилжааны хэлбэрт орчихсон юм уу. Ёс суртахуун гэдэг зүйл дээр ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Цар тахал, өвчин зовлонтой нийгмээрээ бухимдалтай байх үед улам л бухимдлыг нь төрүүлээд уур хилэнг нь бадраагаад байх хэр зохимжтой юм бэ. Тиймээс энэ асуудлаа шийд. Ард түмний өмнө хэрэлдэж, талцдаг ёс бус үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй. Энэ эргээд монгол бөхийн нэр хүндийг унагааж байна. Хэрэв ард түмнээ хүндэтгэхгүй, төрт ёсоо хүндэтгэхгүй, үзэгч олон түмнээ хүндэтгэхгүй бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно" гэж байв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?