| |
Итгэл гэдэг сэтгэлийн тамга билээ. Хүн бүр дотно нэгэндээ ямар ч болзолгүй, материаллаг зүйл шаардахгүйгээр итгэж чаддаг. Үүнийг сэтгэлийнхээ тамгаараа дараад шийдчихдэг. Тэгвэл энэхүү сэтгэлийн тамга хэмээх нүдэнд үл харагдаж, гарт баригдашгүй зүйлийг дэлхийн эдийн засагт хамгийн чухал нөөц хэмээн үзэж байна. Тухайн улс орны итгэлийн хэмжээ нэмэгдсэнээр эдийн засаг тодорхой байдлаар нэмэгддэг ажээ.
Итгэлийн хэлхээ
Итгэл гэдгийг монгол хэлний их тайлбар тольд бат нот үнэмших санаа, сэжиггүй үнэмшил хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл улс орнууд иргэд хоорондын итгэлцлийг нийгмийн капитал буюу нэг хэлбэрийн хөрөнгө гэж үздэг аж. Учир нь итгэлцэл гэдэг хувь хүмүүсийн шийдвэр, бүтээмж, үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг бөгөөд нэг талаар хөрөнгө болж эдийн засгийн эргэлт үүсгэдэг гол хүчин зүйл хэмээн судлаачид үзэж буй.
Улс гүрнүүд хоорондоо итгэлцлийн холбоо буюу хэлхээ үүсгэж эдийн засагтаа хөрөнгө оруулдаг. Үүнийг олон улсад итгэлийн түвшин буюу итгэлцлийн стратеги гэж нэрлэдэг. Энэ ойлголт дотроо олон агуулгатай. Жишээ нь өөрийн улс орондоо итгэх итгэл, хөрш улс хоорондоо итгэх итгэл гээд олон талын итгэлцлийн хэлхээ бий.
Өнөөдөр дэлхий даяарх итгэлцлийн хандлагыг судалж үзэхэд Норвеги, Швед, Финланд зэрэг оронд итгэлцлийн түвшин хамгийн өндөр хувьтай байна. Харин манай урд болон хойд хөршийн хувьд БНХАУ итгэлийн түвшин дэлхийн дунджид хүрч байгаа бол Оросын холбооны улс дэлхийн дунджаас бага зэрэг доогуур байна. Харин Монгол Улсын хувьд итгэлийн түвшин дэлхийн дунджаас хамаагүй бага хэмжээнд байна гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ.
Монгол Улсын итгэлийн түвшин…
Улс орны итгэлцлийн түвшинг тодорхойлохдоо доорх шалгууруудыг тавьж хэмждэг байна.
Үүнд:
Энэ мэт нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтээс шалтгаалан хэмждэг байна. Мөн тухайн улс орны онцлогийг тусгасан нэмэлт үзүүлэлтүүдийг ч харгалзан үзэх нь бий. Тэгвэл Монгол Улсын итгэлийн түвшин яагаад дэлхийн дундажаас хамаагүй бага байна вэ? Энэ талаар "Ардчилсан засаглал судалгаа”-ны 2018-2021 оны үр дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм. Судалгааны үр дүнгээс тэмдэглэвэл,
Нэгт, төр засаг, төрийн захиргааны дээд байгууллагуудад итгэх иргэдийн итгэл буурсан. Тухайлбал Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байна.
Хоёрт, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс хараат бус гэдэгт итгэх иргэдийн итгэл буурсан. Нийт иргэдийн 33.6 хувь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараат бус гэдэгтэй санал нийлдэггүй гэж үзжээ.
Тус судалгаанаас дүгнэхэд Монгол Улсын иргэд төр засагтаа итгэх итгэл жил бүр буурч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн хяналт шалгалт хээл, хахуулийн хэлхээнд байдаг гэж дүгнэж байгаа юм. Энэ нь тэдний итгэлийн түвшинг бууруулж буй гол үзүүлэлт болжээ. Мөн манай улсын өрийн хэмжээ нэмэгдэж, төрийн зардал үлэмж өссөн. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 оны эцсийн байдлаар л гэхэд 33.2 тэрбум ам.доллар болж, түүхэн дэх хамгийн өндөр таазанд тулаад буй. Энэ нь өмнөх оноос гэхэд л нэг тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Нийт өрийн 25.6 хувийг Засгийн газрын өр эзэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Манай улс хамгийн их өртэй 10 улсын нэг болсон. Монгол Улсын нийт өр 33 тэрбум ам.доллар гэж байна. Үүн дотор Оюутолгойн өр хэд байна вэ. Засгийн газар баталгаа гаргаагүй л бол төрийн өмчит компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гэж хууль гаргачхаад түүнд итгээд сууж болохгүй. Олон улсын аргачлалаараа төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд тооцогддог. Өөрсдийгөө хуурсан хууль гаргачхаад Монгол Улс дэлхий дээр ганцаараа юм шиг байж болохгүй. Олон улсын аргачлалаар тооцвол манай улсын өрийн харьцаа замбараагаа алдсан. Дампуурах хэмжээндээ хүрсэн.
"Итгэлийн хямрал”
Манай улсад итгэлийн хямрал гэдэг зүйл нүүрлээд хэдэн арван жилийн нүүрийг үзэж байна. Баян ядуугийн зааг ялгаа улам л тэлж, хууль тэгш үйлчлэхээ нэгэнт болив. Хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хариуцлага, ял шийтгэлээс мултрах бүх бололцоог хууль, эрх зүйн хүрээнд эдлэх болов. Ардчилсан хүмүүнлэг, хууль ёст нийгэмд хууль шүүх, хүчний байгууллага алагчлалгүй үйлчлэх учиртай. Гэтэл Монголд энгийн иргэнд хатуу чандаар үйлчилдэг хууль ёс эрх мэдэлтэнд огт өөр байдлаар үйлчилж байгаа нь ил тод үзэгдэл болжээ. Ийм учир иргэдийн итгэл алдагдаж манайд итгэлийн хямрал нүүрлээд байгаа юм. Хэн хэндээ итгэх нь олон давуу талыг бий болгож болдог. Дээр дурдсанчлан итгэлийн түвшин өндөр байх нь эдийн засаг өсөхөд нөлөөлдөг. Үүнийг дагаад миний, таны амьдралын түвшин дагаад дээшилнэ гэсэн үг. Тиймээс итгэл гэдэг аливаа улс үндэстний хувьд туйлын чухал зүйл аж. Ард иргэдийнхээ итгэлийг олж чадсан засаг төртэй улс үндэстэн хөгждөг.
Манай улс төрд хариуцлагын тогтолцоо байхгүй байна. Тиймээс л иргэдийн итгэл алдраад байгаа. Төрийн өндөр тушаалтан, албан хаагчдад ёс зүй болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хариуцлага тооцох механизм нь байгаа ч үйлчлэхгүй байна. Төрийн алба хашиж байгаа улстөрчдийн хувьд хувийн болон нийтийн ашиг сонирхлыг ерөөсөө ялгаж салгаж чадахгүй байгаа нь иргэдийг итгэлийг алдагдуулж байгаа.
"Трансперенси интернешнл Монгол” ТББ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од
Харин манай иргэдийн итгэл гэх үнэт зүйл шавхагдсаар, эцэстээ шавхруугүй мэт хоосроход ойрхон болсон байна. Иймд иргэд бид төр засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа гармагц засч, цэгцэлж байж л энэхүү итгэлийн түвшинг дээшлүүлэх боломжтой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?