| |
Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн XI форум 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин, Улаанбаатар, Хөххот зэрэг гурван газраас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бол арга хэмжээний үеэр Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын багийн нарийн бичгийн дарга Лю Жэнрүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нар "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ирэх арван жилийн хамтын ажиллагааны тунхаг” бичгийг уншиж танилцуулаcan билээ. Тус тунхгийг бүрэн эхээр нь доор сийрүүлье.
"БНХАУ болон Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болон Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн "Хятад, Монголын "Бүс ба зам”-ын мэдээ мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны гэрээ” -ний дагуу Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх зорилгоор хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны ирэх арван жилийн хөгжлийн талаар дараах тунхгийг гаргаж байна:
Нэг. Хамтын ажиллагааны зорилгыг хэрэгжүүлж, Хятад, Монголын найрамдалт харилцааг эрхэмлэнэ.
"Хятад, Монголын найрамдлыг дэмжихэд мэдээ мэдээллийн эерэг орчин бүрдүүлэх” гэсэн үндсэн зорилгыг чанд баримталж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо, нөлөөллөөр дамжуулан Хятад, Монголын хооронд улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орон, хоёр ард түмний харилцан ойлголцол, хэлхээ холбоог нэмэгдүүлж, найрсаг хөршийн харилцааг бэхжүүлэн, улмаар "Бүс ба зам” -ын бүтээн байгуулалт, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” -ын хамтарсан бүтээн байгуулалтыг ахиулж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
Хоёр. Хамтын ажиллагаа, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллийн салбарын найрсаг харилцааг бэхжүүлнэ. Харилцан хүндэтгэж, адил болон ялгаатай талаа хүлээн зөвшөөрч, ойлголцлоо ойртуулан тууштай хамтран ажиллах ба олон талт, бодит мэдээллээр хоёр ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум, Хятад, Монголын цахим хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг найрсаг хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдээ хадгалахын зэрэгцээ яриа хэлэлцээний бусад арга хэлбэрээ нэмэгдүүлэх замаар итгэлцлээ гүнзгийрүүлэн нийтлэг ойлголтууд улам бэхжүүлнэ. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн өндөр төвшний болон сэтгүүлч редакторуудын хамтарсан сурвалжилга, сургалт семинарыг зохион байгуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд солилцоо, хамтын ажиллагааны өргөн боломж бүрдүүлэн өгч, найрсаг, ажил хэрэгч харилцааг улам хөгжүүлж, хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх болно.
Гурав. Ажил мэргэжлийн цар хүрээг тэлж, хамтын ажиллагааны шинэ орон зайг нээнэ. Одоогийн хамтын ажиллагааны үндсэн дээр цар хүрээг нь улам өргөтгөн хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох, хамтарсан сурвалжилга зохион байгуулах, нэвтрүүлэг хамтран бэлтгэх, хамтарсан зураг авалт хийх, боловсон хүчний дамжаа сургалт, кино уран бүтээлийн орчуулга зэрэг чиглэлээр системтэй, байнгын хамтын ажиллагаа өрнүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтдаа хөгжинө. "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” -ын бүтээн байгуулалт зэрэг стратегийн хүрээнд сонирхсон томоохон чухал сэдвүүдээр хамтран судалж, чанартай сурвалжилга бэлтгэж, Хятад, Монголын найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны түүхийг өгүүлж, Хятад, Монголын эдийн засаг, нийгмийн тал бүрийн хөгжлийг үнэн бодитой тусган харуулна. Хоёр орны орон нутгуудын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, нэгдсэн сурвалжилга, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг холбоход онцгой анхаарч, иргэд, олон нийтийн нөхөрлөл, хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Дөрөв. Харилцан суралцаж, туршлагаа хуваалцан цахим хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжинэ. Интернет, хиймэл оюун, их өгөгдөл, 5G сүлжээ зэрэг технологи хурдацтай хөгжихийн хэрээр мэдээллийн аргачлал болон төлөв тогтолцоо өөрчлөгдөж байна. Тиймээс инновац болон цогц хөгжлийг нэвтрүүлэх, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгцээ шаардлага Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарч байгаа бөгөөд хоёр тал хэвлэл мэдээллийн цогц хөгжлийн ерөнхий чиг хандлагыг дагаж, харилцан туршлага судлан, мэдээ мэдээлэл бэлтгэх, нэвтрүүлж цацах аргачлал, техникийн шинэчлэл зэрэг талаар давуу талаараа харилцан нөхөж, шинэ медиа судлал, үндэстэн дамнасан сурвалжилга, боловсон хүчний солилцоо, шинэ технологийн хэрэглээ зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ хандлага тогтоон, хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, мэдээ мэдээллийн чанарыг дээшлүүлж, эрүүл, цэвэр, зөв энерги бүхий цахим орон зайг бий болгоно.
Тав. Харилцаа холбоогоо нэмэгдүүлж, зөвшилцөл, яриа хэлцлийн механизмыг боловсронгуй болгоно. Хоёр орны сэтгүүлчдийн холбоодын зохицуулалт, дэмжлэг дор хэвлэл мэдээллийн дээд хэмжээний тогтмол айлчлалын механизмыг бий болгож, жил болгон ажлын тогтмол уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны талаар зөвшилцөн дүгнэнэ. Хамтын ажиллагаа, харилцааны байнгын механизмыг байгуулж, үйл ажиллагааны явцыг харилцан шуурхай мэдээлнэ. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан сурвалжилгын арга ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, сурвалжилга, ярилцлагын сэдэв, хэлбэр зэргийг урьдаар зөвшилцөн тогтоож, сурвалжлах этгээд, ярилцлага өгөх хүн, сурвалжилгын аяны маршрут танилцуулах, үндсэн мэдээллээр хангах зэргээр ажиллаж, мэдээллийн үр дүн, нөлөөг дээшлүүлэн, улмаар хоёр орны харилцаанд нийгэм, олон нийтийн яриа хэлэлцээний таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?