| |
Өглөө ирэх бүрийд ажлын ширээн дээр дор хаяж нэг урилга байна. Өнгө будаг, хэмжээ загвар, хэвлэсэн материал, хийц дизайнаараа урд хойноо орон уралдан тэмцэлдэх тэдгээр урилгуудыг бас гоёмсог хэвлэсэн нэрийн хуудаснаас эхлээд сэтгүүл, танилцуулга, бүр ном хүртэл дагалдана.
Эмч нарын хурлууд гэхэд л мөн их хурлаасаа эхлээд эх барихын салбараас өгсүүлээд элэг бөөр, эрүү нүүр, зүрх судас, чих, хамар хоолой, сэтгэцийн эмгэг, сээр нурууны өвчний хурал… гэх мэтээр эрхтэн тус бүрээр хуваагдаж хуралдахаас гадна анхан шатны тусламж, хоёрдогч гуравдагч шатлалын тусламж үйлчилгээний салбар үүсч хөгжсөний… гээд захиргааны шатлалаараа бас хуваагдаж ой тэмдэглэж баярын хурал хийх ажил гарна. Бүх, бүр БҮХ салбар ийм гээд бод доо!
Үр дүнг нь үнэндээ би олж хардаггүй ээ. Модератор, панелистууд гэрэлтэй тайзанд цэмцгэрхэн сууж өмссөн зүүснээрээ, өнгө зүсээрээ уралдана, хэдхэн илтгэгчдийн хэн нь ямар график ашиглаж танилцуулга хийснээрээ бас уралдана. Хэн олон хэвлэл мэдээлэл авчирвал хэрэг нь ёстой гарч байгаа нь тэр дээ. Онцгой чухал царай гаргаад орой зурагтаар гарчихвал олон хоног бэлтгэсний үр одоо л гарч байгаа нь тэр.
Энэ бүх төсөл, хөтөлбөрүүд өндөр цалин авч байгаа ЦААД газартаа "сайн ажилласан” тайлангаа гаргаж өгөхийн тулд хурал семинар, хэлэлцүүлэг зөвлөлгөөнийг харамгүй зохион байгуулж, маш сайн чанартай хэвлэлттэй зузаан зузаан товхимлуудыг хэвлэж өгнө дөө. Энэ олон сая долларын төсөл, хөнгөлөлттэй зээлээс манайд үлддэг юм нь ердөө л энэ зузаан ном, товхимлууд.
Хурал, хэлэлцүүлэгт оролцохоос би лав ичиж аль болох зугатдаг боллоо, сүүлийн үед.Хэрэв би Ерөнхий сайд байсансан бол энэ бүх баяр, хурал, төсөл хөтөлбөр, зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, семинарыг бүгдийг нь таягдаж хаяад төрийн болон, төрийн бус байгууллагынхныг "хуралгүй бол юу хийх вэ?” гэж бодох завтай болгохсон….гэснээс би өнөөдөр "Форбс вомен” Шангрилагийн арга хэмжээнд очиж амжсангүй, сонгуулийн хууль хэлэлцсэн чуулганы хуралдаанаа үзээд!
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?