| |
УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссан. Үргэжлүүлээд "Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан. Гэсэн хэдий ч ард нийтийн санал асуулгыг хэзээ хэрхэн явуулах нь тодорхойгүй хэвээр байна. Ирэх сарын 30,31 гэсэн тов байгаа ч албажаагүй зөвхөн санал төдий юм.
УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо одоо болтол батлаагүй, гишүүд нь тойрогтоо торолзож яваа нь учир шалтгаантай. Эрх баригчдын яарч давчдаж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгын босгон дээр ирээд аажуурч алгуурлах шалтгаан юу байв.
Парламентыг хугацаанаас нь өмнө тарааж ээлжит бус чуулган явуулах намын доторх "найраа” улс төрд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэнтэй холбож тайлбарлах нь илүү бодитой байх. Өөрөөр хэлбэл, санал асуулгыг ээлжит бус сонгуультай хамтатгах нөхцөл байдал үүсч болзошгүй болсон. Тиймээс хугацааг яаран товлож болохгүй.
Хоёрдугаарт, Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээ 30 тэрбум төгрөгт хүрсэн. Хэдхэн сарын дараа дахиад сонгууль явуулахад мөн ийм хэмжээний зардал гарна. Ингэж ямаан дээр тэмээний гарз гаргах нь Монгол шиг ядарсан эдийн засагтай улсын дурлах "тоглоом” биш. Гэхдээ зардал хэмнэх эх оронч санаачлага бол зөвхөн үзэгдэх өнгө нь бөгөөд үүний цаана улс төрийн том зорилго, агуулга явж байгаа нь тодорхой.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч Даваа гарагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Дээр ярьсан хувилбар тодорхой болсны дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батална” гэжээ. Дээр ярьсан хувилбар гэдэг нь УИХ тарж, ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явуулах тухай юм.
Ингэж тодорхой шийдлээ тодорхойгүйн тойрогт оруулчихаар хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог шиг юм болчихож мэднэ. Өөрөөр хэлбэл, МАН Үндсэн хуулиа ч өөрчилж чадахгүй, ард нийтийн санал асуулга, парламент хугацаанаасаа өмнө тарах ч худлаа болж мэднэ. Адаг сүүлд нь Алтан загасны эмгэн шиг хуучин муу "тэвш”-тэйгээ 2020 оны сонгуультай золгов доо.
М.Нэргүй
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?