| |
Монгол Улс иргэнийхээ мэдээллийг хамгаалахгүй бол түгшүүр зарлаж буйг "Зууны мэдээ” сонин удаа дараа хөндсөн. Бид "Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, "Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, "Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, "Хувийн мэдээллийг "Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, "Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл төрийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, нууцлал хамгаалалт тэг зогсолт хийснийг, Монгол төрийн ой санамж хакерчдын гарт байгааг хүлээн зөвшөөрч анхаарахгүй орхиж болохгүйг АТГ баталж өглөө.
АТГ-аас мэдээлснээр хэсэг хүмүүс иргэдээс мөнгө аваад, НОСК-ийн системд халдаж, гаднаас нь автоматаар нэр бүртгүүлсэн байна. Энэ бол IT-ийн мэдлэгтэй нэг нөхөр төрдөө итгэж данслуулсан, хуулиар баталгаажуулж өгсөн хувийн өгөгдөл, төрийн нууц мэдээллээр "тоглоод” сууж байдгийг харуулсан нэг л жишээ. Үүний цаана төрийн мэдээлэл хамгаалалтгүй болсныг нотлох барим тавим баримт олон бий.
Хамгийн эмгэнэлтэй нь төрийн ой санамжийг хамгаалж байдаг Үндэсний дата төвийг гадаадаас хакердсаныг гадны сайтууд болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж байв. Төрийн онц чухал мэдээлэл, гурван сая иргэний хувийн өгөгдөл, гадаад, дотоодын байгууллагуудын мэдээллийг хадгалдаг Монголдоо хамгийн өндөр хамгаалалт бүхий дата төв хакердуулчихаад байхад мэдээллийн аюулгүй байдлын талаар төрийн байгууллагуудтай яриад ч нэмэргүй юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

