| |
Шинэлэх битүүлэх ёс, уламжлалын талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой
-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг. Энэ нь ямар учиртай дом бэ?
-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, мөс буюу унаа, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.
-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?
-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.
Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод "Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хоноод яваарай гэсэн үг бий. Энэ нь монгол хүн шөнө өрхөө тэгшилж, өглөө татахыг л хэлж байгаа юм. Битүүн, шинийн 1-нд чимээ өгөхгүй байгаа айлд ерөөсөө орохгүй байх зэрэг Монголын соёл, хүмүүжил дэлхий нийтэд гайхагдана.
-Сүүлийн үед уламжлалт баяр наадмаар үндэсний хувцсаараа гоёхыг илүүд үздэг болсон. Үндэсний хувцас өмсөхөд юуг анхаарвал зохих вэ?
Цагаан сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой
-Цагаан сараар ахмадаа хүндэтгэн айлчлан ирсэн зочдодоо гарын бэлэг барьдаг уламжлал бий. Гэтэл сүүлийн үед оймс, сам гээд янз бүрийн л юм өгдөг болжээ. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Монголчууд бэлгээр бахархдаг, түүгээр хождог гэсэн зүйл байхгүй. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Дээр үед ээзгий, хэд гурван төгрөг, хадаг, хоргой даалин, ёотон зэргийг өгдөг байсан. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Цагаан сарын аливаа идээ ундааг хоёр удаа хүртэх ёстой. Харин хурим, насны ой, хүүхдийн үсний найр гурван дугараатай байдаг.
-Тавгийн идээний хэвийн боовыг хэдэн үеэр өрдөг юм бэ?
-Одоо олонх хүн хэвийн боов гэж ярьдаг болжээ. Дээр үед самнай, хавсаа, маюур гэж ярьдаг байсан. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой. Харин төрийн түшээд болон аймгийн дарга нар долоон үеэр засч болох байх. Үүнийг би үгүйсгэхгүй. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Би төрөө л харж явдаг хүн. Төрийн гурван өндөрлөг2008 оноос эхлэн идээгээ зөв тавьж байгааг хараад талархаж суудаг. Монголын ард түмний амны хишгийг төр зүглүүлж өгч байна даа гэж судлаач хүний билгийн нүдээр харж, аав ээжийнхээ утгаар шинжиж, хүүхдүүддээ сургамж хайрлахдаа бүх л үед төрөө харж байгаарай гэдэг.
Шинийн нэгний өглөө туулай цагт босдог /5.40-7.40/
-Яагаад тавгийн идээг таван үеэс хэтрүүлдэггүй юм бол?
-Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэгчлэн "Би компанийн эзэн, мөнгө олдог” гээд олон үеэр идээ засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг.
-Аав ээжүүд шинийн нэгний өглөө хүүхдүүдээ нар мандахаас өмнө босоорой гэж захидаг. Тэгвэл өглөө хэдэн цагт босох ёстой вэ?
-Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн нэгний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэтэл шинийн 1-ний өглөө энэ цагт боссон айл тун ховор байна. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно. Харин ийм шалтгаангүй ямар ч хүүхдийг туулай цагт босговол бүтэн жилдээ босоо хийморьтой, нүүрийн буянтай явдаг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?